НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Ирэх онд 12 байршилд 50.4 км туслах гудамж зам 33.8 авто зам шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төлөвлөсөн бол боловсролын салбарт өмнөх жилүүдэд эхлүүлсэн 139 сургууль, цэцэрлэгийн барилга байгаагаас 44 нь нийслэлийн, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгуудаа үргэлжлүүлэхээр төсөвт шаардах зардлыг суулгажээ. Мөн нийслэлд шинээр сургууль, цэцэрлэгийн 10 барилгыг нэмж барихаар төлөвлөжээ. Үүнд ерөнхий боловсролын сургууль 6, цэцэрлэг 3, цогцолбор барилга 1 байгаа бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинээр 18 барилгыг нэмж барихаар судалж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн” хэмээн онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Г.Батсайхан, З.Төмөртөмөө, Б.Мөнхбаатар нарын зүгээс нийслэлийн ирэх оны төсөв төр, хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүддээ түлхүү анхаараад хүний хөгжил, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хүртээмжтэй төсөв, хөрөнгө тусгаагүй талаар шүүмжлэлттэй хандлаа. Үүнтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн З.Төмөртөмөө “Төр зайлшгүй анхаарах ёстой хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асрамж хамгаалал шаардлагатай ахмадууд, архи, согтууруулах ундаанд донтсон иргэдэд чиглэсэн төсөв мөнгө хангалтгүй тавьсан санагдлаа. Дараа дараагийн жилд үүнийг анхаарах хэрэгтэй” гэв. Мөн НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Б.Сэмжидмаа “Баянгол дүүргийн 26-р хорооны ЕБ-ын 141-р сургууль, 100-р цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг зайлшгүй оруулж өгөөрэй. Учир нь түгжрэлийн асуудлыг шийдэхэд энэ өргөтгөлийн ажил чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ү.Оюунзул “Ирэх жилийн төсөвт томоохон төслүүддээ анхаараад хүний хөгжил, нийгмийн асуудалд төдийлөн ач холбогдолтой багатай төсөв болжээ гэж харж байна. Мэдээж тойрог хурдны зам, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил зайлшгүй хөдлөх шаардлагатай, ойлгож байна. Гэхдээ 2027 оны төсвөөс ийм зүйл дахиж үүсэхгүй байх гэж найдаж байна. Тухайн нийгмийн салбар байгууллагуудаар явж ажиллаасай, уулзаж, нүдээр харж байж асуудлыг харж, зөв шийдвэр гаргана. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 35-р хорооны дутуу байгаа 2км замын ажлыг ирэх оны төсөвт суулгах саналтай байна” гэлээ.



|
Эх сурвалж
| НИТХ-ХМОНХА
|
Б.АМАРТҮВШИН






Нийгэм





