Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2025.12.02) хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо.
Тухайлбал хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг илтгэж байна гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жилийн тухайд уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул байгаагийн илрэл гэж иргэний нийгмийнхэн үзэж байна.
Энэ мэтчилэн хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад уламжиллаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх санал илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Мөн маргааш болох (2025.12.03) Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх саналуудыг хэлэлцүүлэхээр тогтов.
АДМИН








Нийгэм





