НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ.

Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Ингэхдээ Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна.
Тухайлбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээ ний 15.1 км, 12 байршилд тавихад 12.6 тэрбум төгрөг, Ганц худаг орчмын үерийн хамгаалалт хийх 3.9 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр баригдах дэд станцын ажилд 2 тэрбум төгрөг, гэрэл цахилгаангүй, хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад 10 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө оруулалтад 59.4 тэрбум төгрөг зарцуулах байна. Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд олон нийтээс гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх, засах болон бусад саналууд иржээ.

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдийн зүгээс алслагдсан Багахангай, Налайх зэрэг дүүргүүдийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг суулгаагүй, зарим өндөр дүнтэй төсөл, хөтөлбөрөөс шилжүүлж гаргах зэрэг саналуудыг илэрхийллээ. Мөн өмнөх жил эхлүүлсэн дүүрэг, орон нутгийн хэмжээнд хийгдэж буй зарим ажлыг үргэлжлүүлэх төсөв хөрөнгийг зайлшгүй суулгах шаардлагатай байгаа талаар онцоллоо. Улмаар хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлыг НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.




АДМИН








Нийгэм









