Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдөр /2025.12.02/ ажиллалаа.
ТЦА–ТАЙ ХАМТРАН ӨДРИЙН ЦАГААР ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА
Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Ашигт малтмал, газрын тосны газар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн албан хаагчид шатахуун түгээх станцууд болон агуулахуудад мэдээлэл өгч ажиллаж байгаа. Шатахуун импортлогч компаниуд тээврийн цагдаагийн албатай хамтран аюултай ачаагаа тээвэрлэн явуулж байна” гэлээ. Үргэлжлүүлэн түүний өгсөн мэдээллээр, шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас арванхоёрдугаар сард худалдан авах бүтээгдэхүүний захиалга баталгаажсан тул нийлүүлэлт тасрахгүй хэвийн үргэлжлэх юм байна. Мөн худалдааны түнш БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар болжээ.
ОХУ–ААС ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
Шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй манай улсын хувьд жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шаардлага тулгарч буй. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын баг ОХУ-д өнгөрсөн сард хийсэн айлчлалын үр дүнд шатахууны импортыг нэмэгдүүлэхээр болсон юм. Тухайлбал, манай улс ОХУ-аас арваннэгдүгээр сард АИ-92 автобензин 75 мянган тонныг худалдан авч хэрэглэжээ. Энэ нь сарын дундаж хэрэглээг 10 мянган тонноор нэмэгдүүлсэн дүн болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэлдээ дурдаж байлаа.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ НЭМЭГДЭЖ ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСЖЭЭ
Мөн энгийн хэрэглээний АИ-92 автобензинээс гадна эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын гол хөдөлгүүр болох дизель түлшний импорттой холбоотой асуудал ч анхаарал татаж буй юм. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Г.Дашпүрэв хэлсэн үгэндээ “Нүүрсний бодит экспорт нэмэгдэж байгаа нь дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний гаралттай холбоотой дизель түлшний үнэ нэмэгдсэн бол бөөний үнэ нь жижиглэнгийн үнээс өндөр болсон нөхцөл байдал үүссэн. Үүнийг тодорхой хэмжээнд зохицуулах зэрэг ажлууд хийгдэж байна” гэв.
ОРОН НУТАГТ ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА
Мөн хөдөө орон нутагт шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаарх мэдээлэлдээ дурдахдаа, Баруун бүсэд төвийн бүсээс хангалт хийгдэж байгаа бөгөөд удахгүй хангалт хэвийн болох аж. Мөн зүүн бүсэд Эрээнцав боомтоор шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийж байгаа бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 16 вагон цистерн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн импортолж түгээлтэд гарчээ. Түүнчлэн говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн байдалд оруулах талаар импортлогч компаниудтай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ чиглэлд хоёр хоногийн дотор түгээлтийг сайжруулах талаар ярилцаж, хэвийн болгоход нь анхаарч түгээлтийг сайжруулж байгаа юм байна.
АДМИН







Нийгэм









