Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотын Аудиториум Парко Делла Мюзика цогцолборт 2025 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр "Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.
Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тоглож, энэ цаг үеийн дэлхийн шилдэг баритон, дэлхийн бүхий л том тайзнаа дуулж, гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Энхбатын Амартүвшин тус улсын иргэд, Итали, Европын Холбооны Улсуудад амьдран суугаа монголчууддаа болон Италийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд дуу хоолойгоо хүргэлээ.
Тоглолтын үеэр монгол орны байгаль, хүн ард, ахуй соёлыг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуурын үзэсгэлэнг дэлгэж, сонирхуулав.
Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 20 гаруй улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, бүрэлдэхүүнийг нь өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм. Найрал хөгжмийн хамт олон Японы “NHK” телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” уран бүтээлээ толилуулж байсан түүхтэй.
АДМИН








Нийгэм








