Нийгэмд тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголт, сул хууль тогтоомж, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинаа тохиолдож буй хямралууд нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд саад болж байна.
Технологи нь зураг ашиглан дарамтлах, заналхийлэх (image-based abuse), жендерт суурилсан худал мэдээлэл (gendered disinformation) зэрэг ОЭЭХ-ийн шинэ хэлбэрүүдийг бий болгоод байна. "Manosphere" (эмэгтэйчүүдийг үзэн ядах, феминизмийг эсэргүүцэх, эрэгтэйчүүдийг дээдлэх үзэл санаа бүхий эрэгтэйчүүдэд зориулсан цахим орон зай: вебсайт, блог, форум, сошиал медиа бүлгэмүүд гэх мэт) зэрэг эх сурвалжаас гарч буй эмэгтэйчүүдийг үзэн ядах онлайн контент нь нийтлэг болж, хүчирхийллийг өөгшүүлж байна.
Онлайн хүчирхийлэл нь ялангуяа олон нийтийн анхаарлын төвд байдаг эмэгтэйчүүд (сэтгүүлчид, улс төрчид, идэвхтнүүд, уран бүтээлчид) болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд гэх мэт цахим боловсрол хязгаарлагдмал хүмүүсийг онилдог. Онлайн ОЭЭХ нь дарамт шахалт, мөрдөлт, бие махбодын хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн амийг хөнөөх зэрэг бодит ертөнцөд ноцтой үр дагавартай бөгөөд ихэнхдээ эмэгтэйчүүдийн олон нийтийн оролцоог хязгаарладаг.
Харамсалтай нь, улс орнуудын талаас бага хувь нь цахим хүчирхийллийг тусгайлан зохицуулсан хуультай бөгөөд хэрэгжилт нь сул байна. Технологийн компаниуд ихэвчлэн үр дүнтэй хяналт зохицуулалтаас зайлсхийдэг бөгөөд хохирогчдод шударга ёсонд хүрэхэд маш их бэрхшээл тулгардаг байна.
Хэдийгээр тоо мэдээлэл цуглуулах стандартчилагдсан аргазүй хараахан гараагүй байгаа ч дэлхийн болон бүс нутгийн түвшинд хийгдсэн судалгаа, шинжилгээнүүд энэ нь дэлхий нийтийн асуудал болохыг баталж байна. Эдгээр эх сурвалжаас тоймлон харуулбал:
Эмэгтэйчүүдийн 38 хувь нь онлайн хүчирхийлэлд биечлэн өртсөн.
Энэ асуудал нь хувийн болон мэргэжлийн хүрээлэлд илүү тод харагддаг бөгөөд эмэгтэйчүүдийн 65 хувь нь онлайнаар дайралтад өртсөн бусад эмэгтэйчүүдийг мэддэг байна.
Эмэгтэйчүүдийн 85 хувь нь дотно таньдаг болон ойр дотны хүрээллээс гадуурх бусад эмэгтэйчүүдийн эсрэг онлайн хүчирхийллийг гэрчилсэн байдаг.
Ази, Номхон далайн бүс нутагт онлайн хүчирхийллийн тархалт 88 хувь гэж тооцоолсон.
Зүүн Европ, Төв Азид эмэгтэйчүүдийн 53 хувь гаруй нь ТАҮЖСХ-ийн аль нэг хэлбэрт дор хаяж нэг удаа өртсөн.
Европ, АНУ-д хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 23 хувь нь онлайн хүчирхийлэл, дарамтад өртсөн гэж мэдээлсэн.
АДМИН






Нийгэм








