Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ) нь 2025 оны арванхоёрдугаар сарын 1–5-нд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн “Спорт дахь допингийн эсрэг Дэлхийн чуулга уулзалт”-д амжилттай оролцлоо.
Энэхүү чуулганд 160 гаруй орны төр засаг, спортын байгууллагууд, ҮДЭБ, БДЭБ, лаборатори болон тамирчны төлөөлөл нийлсэн 1,500 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн цэвэр спортын бодлого, шинэчлэлийн чиг хандлагыг хэлэлцлээ.
2027 оны Дэлхийн Допингийн эсрэг Код батлагдлаа
Чуулганы үеэр шинэчлэгдсэн 2027 World Anti-Doping Code болон International Standards албан ёсоор батлагдаж, 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Шинэ Код нь тамирчны эрхийг хамгаалах, шинжилгээ ба хяналтын тогтолцоог сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэх өргөн хүрээний шинэчлэлийг багтаасан.
“Бусан тунхаглал” батлагдав
Хурлын төгсгөлд цэвэр спортын үнэт зүйлсийг хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Busan Declaration” батлагдсан нь чуулганы стратегийн гол үр дүнгийн нэг боллоо.
Монголын төлөөлөгчдийн оролцоо
МҮДЭБ-ийн төлөөлөгчид хуралдааны үндсэн хэлэлцүүлэг, салбар хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож:
2027 оны Код болон стандартуудыг үндэсний дүрэмтэй нийцүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлж,
WADA, төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллага, түнш орнуудын ҮДЭБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлж,
Тамирчны эрх, боловсролын тогтолцоог сайжруулах чиглэлээр олон улсын туршлага судалж,
Шинжилгээ, хяналт, мэдээлэл–мөрдөн шалгах ажиллагааны талаар мэргэжлийн зөвлөмж авлаа.
Энэхүү оролцоо нь Монгол Улсад спортын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх, тамирчны эрхийг хамгаалах, үндэсний допингийн эсрэг дүрмийг дэлхийн стандартад нийцүүлэх үйл явцыг шинэ шатанд гаргасан стратегийн өндөр ач холбогдолтой алхам боллоо.
Цаашдаа МҮДЭБ нь хурлын шийдвэрүүдийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийн тулд:
• Үндэсний дүрмийг 2027 оны Кодод нийцүүлэн шинэчлэх
• Тамирчны боловсрол, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх
• Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Допингийн хяналт, шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах
ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.
АДМИН







Нийгэм









