"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Шинжээч: Хэрвээ бид Онтри компанитай хэлэлцээрт ороод, тэр компанийн байгаа нөөцийг ашиглана гэж байгаа бол Оюу толгой дээр хийсэн гашуун алдаагаа давтаж болохгүй. Нэг үгээр бид хойд ордын үргэлжлэл дээр нь хайгуулаа бүрэн хийгээд, ТЭЗҮ-ээ бүрэн хийсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр ороод, батлуулаад бүх юм хууль журмын дагуу явсны дараа гэрээ хэлэлцээрт орох ёстой. Энэ бол Монгол Улсын ирээдүйг бодсон том алхам болно.
Оюу толгой бүлэг ордод нийт хайгуул хийхэд бараг 1 сая гаруй метр өрөмдсөн гэж байгаа. Үүнд хэдэн зуун сая ам.доллар зарцуулсан гэж байгаа. Гэтэл тэнд хайгуулын зардал орсон. Үүний 50 хувь нь хаягдал нөөц. Хайгуулын зардлын тавин хувийг тооцох хэрэгтэй болж байна. Энэ чинь бас л Монгол Улсын өрийн дүнд орчихсон байгаа. Төгсгөлд нь Монгол Улсын иргэний хувьд, 50 жил энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд хэлэхэд Монгол Улсын Их хурлын гишүүд та нар Оюу толгой төслийн цаашдын хувь заяаны тухай шийдвэр гаргана. Гарах шийдвэрийг өнөөдөр Монголын бүх ард түмэн харж, сонсож, найдаж байгаа. Гарах шийдвэр бидний хүүхэд, ач зээ 100 жилийн дараах Монгол Улсад амьдарч байх бидний хойч үеийн сайн сайхны төлөө байх ёстой гэж би үзэж байна. 22 дугаар зуунд монголд амьдарч байх хойч үе маань бидний гаргах шийдвэрийг өнөөдрийнх шиг харааж зүхэхгүй, буруу юм хийлээ, эсрэг юм хийлээ гэж загнахгүй байх хэрэгтэй. Харин бидний өвөг дээдэс маань ямар саруул гэгээн ухаантай, эх оронч, 100 жилийн ирээдүйг харж чадсан, мэргэн шийд гаргасан агуу хүмүүс вэ гэж биднийг бишрэн магтах ёстой гэсэн бодолтой байгаа. Өнөөдрийг биш 100 жилийн дараахаа харах ёстой шүү.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









