"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Өнөөдрийг хүртэл олон саад бэрхшээлийг давж байж эхэллээ дээ. Ирдэггүй юм байна, материалаа нууц гээд өгдөггүй юм байна. Ард түмний байгалийн баялгийг олборлож байж нууцлаад, асуудлаа өөр тийш нь аваад явчихдаг юм байна. нууц гэсэн бүхний цаана хулгай, луйвар байдаг шүү. Өнгөрсөн хугацааны асуудлуудад нотой, ноцтой асуудал зөндөө байгаа юм байна лээ. Өнөөдөр парламент хяналт хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээд, энэ сонсгол ард түмнийг мэдэх эрхээр хангах ёстой. Нарийн мэдээллээр хангах ёстой. Яагаад гэвэл энэ Монгол Улсын баялаг. Тэрнээс бид өнгөрсөнтэйгөө зууралдаад байгаа асуудал биш. Зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг байна. Мэдээж ирээдүйд бид яах вэ гэдгээ ярих ёстой. 16 жил та нар шилний цаанаас чихэр долоолголоо шүү дээ. Хөрөнгө оруулалтын зардал өдөр бүр нэмэгддэг юм байна лээ. Түүнийг дагаад монголын өр нэмэгдээд л байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс яриад байна. 9 хувиас дээш хүүтэй зээл угаасаа дампуурлын ирмэгт хүргэдэг гэж... Тэгэхэд манайх өнөөдөр 11.3 хувь. Мэдээж сайн тал бий. Цаашдаа бид Жасрай гуайн хэлдгээр хонгилын үзүүрт гэрэл харагдах нь уу, үгүй юу ер нь. Ард түмэн ногдол ашиг авах нь уу, үгүй юу.
Саяны танилцуулгаас харахад гадаадад нөөцөө зөрүүтэй мэдээлдэг юм байна. Яагаад молибденоо дотооддоо мэдээлэхгүй мөртлөө, гадаадад мэдээлээд байдаг юм. Яагаад ногдол ашиг хүртэх болоод ирэхээр уурхайн хүчин чадал эрс буурдаг юм. Яагаад ТЭЗҮ-гүй 10 жил үйл ажиллагаа явуулдаг юм. ТЭЗҮ-д мэдээлсэн мэдээллээ зөрүүтэй байдлаар техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажилладаг юм гэх мэт олон асуултууд байна. Үүн дээр тодорхой хариул. 10 жил ТЭЗҮ-г нь баталж өгдөггүй юм бол төрийн байгууллага гэж байгаад яах юм бэ. Чаддаг хүнд нь өгөөд зайлах хэрэгтэй шүү дээ. Дээр нь өнөөдөр сонсгол дээр тодотгол хийгээд, шийдвэр үр дүнтэй дуусах ёстой шүү.
С.ОТГОНБАЯР







Нийгэм








