УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан “Евро Азийн эдийн засгийн холбоонд (ЕАЭХ) гишүүнээр түр элсэх” тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийг парламент соёрхон батлавал уг хэлэлцээр 2026 оноос хэрэгжиж эхэлнэ.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс нийт 367 нэр төрлийн бараагаа ОХУ, Казахстан зэрэг ЕАЭХ-ны таван оронд татварын хөнгөлөлттэй үнээр экспортлох боломжтой болно. Хариуд нь мөн тооны барааг гишүүн орнуудаас татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлохоор тусгажээ. Ингэснээр манай улсын экспортын орлого 24%-иар өсөх тооцоо гарсан байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, хэлэлцээрт дараах гол тохиролцоонууд багтжээ:
-
367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг тэглэх, бууруулах, квот тогтоох гэсэн дөрвөн хэлбэрээр тарифын саадыг бууруулах;
-
Барааг олон улсад ашигладаг 6 оронтой кодоор ангилан тохиролцсон;
-
ХАҮТ болон хувийн хэвшилтэй өргөн хэлэлцүүлэг хийж, ААН-үүдийн санал бодлыг тусгасан;
-
Стратегийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нөлөөлөх эрсдлийг бууруулах зохицуулалт тусгасан.
Анх хэлэлцээр яригдаж байх үед өндөг, улаан буудайн дотоодын үйлдвэрлэгчид импорт хямдрах эрсдэлийг онцлон эсэргүүцэж байсан. Үүнийг харгалзан тодорхой хамгаалалтын зохицуулалт хийжээ. Тухайлбал:
-
Жилд 90 сая ширхэг импортын өндгөнд л татварын хөнгөлөлт үзүүлэх;
-
50 мянган тонн импортын улаан буудайг татвараас хөнгөлөхөөр тусгасан байна.
Харин экспортын хувьд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл, арьс шир зэрэг гол нэр төрлийн барааны экспорт 42–150%-иар өсөх боломжтой гэж салбарын сайд онцоллоо. Ингэснээр Монголын бүтээгдэхүүн ЕАЭХ-ны өргөн зах зээлд гаалийн татваргүйгээр гарах нөхцөл бүрдэнэ.
Монгол Улс ЕАЭХ-д гурван жилийн хугацаанд түр хугацаагаар элсэж, энэ хугацаанд эдийн засгийн үр өгөөжийг тооцон, ашигтай гэж үзвэл хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх юм байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








