УИХ-ын хэд хэдэн гишүүн гэмт хэрэгт мөрдөгдөн шалгагдаж, торгон дээлээ тайлахаар нөмгөн, ханцуй сугалдаргалсан байдалтай сууж байна. С.Ганбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын зэрэг АН, МАН, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй авлига, хахууль, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх мэт хэргээр дээлээ тайлж болзошгүй байна.
Фэнг шүй хэмээх С.Ганбаатарын авлигын асуудал босоогоос хэвтээгийн залгаанд орж, боосон хэргийг нь прокурор УИХ-д оруулж ирнэ. Гишүүнийг нь шалгахаар УИХ-ын нэр хүнд унаад байна гэж мань эр үзсэн ч гишүүнийг шалгахгүй болохоор УИХ-ын нэр хүнд унаад байна гэж олонхи нь шийдсэн. Гуйлгачин дүртэй, жононгийн амьдралтай С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийн 13 га газрыг зарсан, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй эхнэр С.Тунгалагийнхаа нэрээр 29 компани байгуулж, төсвийн тендерүүд цохисон гэх хэрэгт нь прокурор яллаад байна. Хуулийнхан яллах дүгнэлт гардуулахаар төрийн ордонд очиход гүйцэтгэх ажиллагаа явууллаа гэж С.Ганбаатар хэлсэн боловч гэгээн цагаан өдрөөр бичиг өгөх гэж тагнаж чагнадаггүй.
Э.Болормаа дотоодын төрийн сонгуульд гадаадын компаниас хандив авсан хэрэгтээ яллагдагчаар татагдаж, тооноор орж ирсэн хүн тотго босгонд бүдэрч магадгүй болоод байна. Хандив өгсөн оффшорт данстай “Ханбогд Эксплорайшн”компани, манай намын ах нар хариуцлага хүлээх ёстой, энэ бол санаатай үйлдэл гэж хэлдэг. Хууль бус хандивыг буцааж явуулахгүй хэрэглэсэн Э.Болормаагаас бусад нь буруутай юм байна.
Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр УИХ-ын дэд даргаас буусан Х.Булгантуяа нарыг тагнуулаас шалгаж байна. Лонхноос бирд сугаран гарч, Пандорра гүнж гай зовлон агуулсан хайрцгийг нээчихсэн гэдэг шиг Үндсэн хууль зөрчсөн хэний ч толгойг илж, үсийг илбээд өнгөрөх боломжгүй. Иргэд хууль сахин биелүүлэхгүй болж, сонгосон нийгмийн байгууламж суларч, Үндсэн хуульт ёс, үндсэн зарчим алдагдах аюултай юм.
Тоо толгой нь өсөж үржиж 126 уулаа болсон УИХ-ын гишүүдээс 10, 20 иороо дээл тайлсан ч хотойхгүй олуулаа, цөөдөхгүй өнөр юм. Угаасаа ордон, шорон хоёулаа адилхан хашаа хайстай, харуул манаатай, засгийн хоол иддэг, хуулийн алх тас буудаг, тодорхой жил авч суудгаараа адилхан. Гагцхүү шуудайгаар нь шуусан нь төрийн шоронд, ордоор нь туусан нь төрийн ордонд байдгаараа ялгаатай.
АДМИН








Нийгэм








