"ONE Championship" холбооны аваргын бүсийг хүртсэн мэргэжлийн холимог тулаанч Б.Энх-Оргил эх орондоо ирснийхээ дараа монголчуудын дэмжлэг, итгэл нь ялалтынх нь хамгийн том хүч болсон гэдгийг онцолж, 25 жилийн уйгагүй хөдөлмөрөө аваргын бүсээр мялаасандаа баяртай байгаагаа илэрхийллээ.
"ONE Championship" холбооны аваргын бүсний эзэн тэрээр “Юуны өмнө энэ сайхан эх орноороо бахархаж байна. Хүнд тулаан болсон. Ялсандаа маш их баяртай байна. Намайг халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Аварга болж чадлаа. Миний хувьд 25 жил бэлтгэл, сургуулилт хийсэн. Түүнийхээ үр шимийг хүртэж байгаад туйлын их баяртай байна. 2012 онд багштайгаа танилцаж байсан. 2014 онд багш маань Дэлхийн аварга болж байсан. Тэрхүү гайхалтай амжилтыг нь 11 жилийн дараа давтсандаа маш их баяртай байна. Багшийнхаа ид тамирчин байх үед учирсан болохоор Дэлхийн аваргад орох ямар өндөр бэлтгэл хэрэгтэйг өөрийн нүдээр харсан. Түүнийг нь дагаж хийж, олон зүйлсийг сургасан багшдаа маш их баярлалаа. Тулаан дуусаад маш их ядарсан. Одоо сайхан амарна аа. Олон сайхан ерөөл, ивээлийг авч байгаадаа маш их баяртай байна. Дараагийн тулаандаа илүү сайн бэлтгэл хийж, энэ амжилтаа бататгахыг хичээнэ ээ. 2003 онд таеквондогийн тэмцээнд ээж маань цалингийн зээл аваад намайг явуулж байсан. Тэр үе маань одоо бодоход олон зүйлийн эхлэлийг тавьж өгч байсныг ухаарч, ойлгож байна. Саяны тулааны дараа багахан бэртлүүд сэтэрсэн зүйл байгаа. Жаахан физик эмчилгээ хийлгэчихвэл бие маань сайжирчихна аа. Монголынхоо бүх ард түмэнд хандаж хэлэхэд “Та бүхний минь дэмжлэг, хүсэл тэнгэрт очиж миний талд ялалт буулаа” маш их баярлаж байна. "Physical Аsia" шоуны найз нөхөдтэйгөө удахгүй уулзана. Нутгийнхаа зон олонд баярлалаа. Нутгийнхаа нэрийг дэлхийд цуурайтуулсандаа баяртай байна аа” хэмээлээ.
Б.БИЛГҮҮН








Нийгэм









