"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Шинжээч: 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр Засгийн газраас ҮАБЗ-д хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой төслийг хүргүүлсэн. Мөн холбогдох хууль тогтоомжийг хүргүүлсэн. Ингээд 2009 оны аравдугаар сарын 5-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас нэг хоногийн өмнө УИХ-аас гэрээ байгуулах зөвлөмж гаргасан. Үүнтэй холбоотой аюулгүй байдлын баримт бичгийг ҮАБЗ-өөс өгсөн боловч хянан шалгах хороонд холбогдох баримтуудыг ирүүлээгүй байна. ҮАБЗ-ийн зөвлөмж гарсны маргааш буюу 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байгаа. Тухайн өдрийн Засгийн газрын тогтоолоор Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон. Мөн хөрөнгө оруулалтын гэрээнд хавсралтаар явж байсан хувь нийлүүлэгчдийн гэрээг тусад нь байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахдаа “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш баталгаажуулсан. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишид “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2009 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоолоор гарын үсэг зурах эрхийг олгосон. ТУЗ-ийн 22 дугаар тогтоол гарах үндэслэл дээр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэнэ гэж байгаа боловч Засгийн газрын хуралдааны шийдвэрийг бид хараахан олж чадаагүй.








Нийгэм



