Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Гишүүдийн зүгээс тус асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Дээрх хэлэлцсэн асуудалтай холбоотой Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төсөлд орон сууцжуулах бодлоготой уялдуулан иргэнийг анх удаа орон сууц худалдан авах, өмчлөх болон орон сууцаа борлуулах, орон сууцны нөхцөлийг сайжруулахад татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох, тэр дундаа төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон орон нутагт татварын хөнгөлөлтийг тусгажээ.
Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Төсөлд төрийн чиг үүргийн давхардал, газрын асуудал, нийслэлийн төсвийг хянах, цаашлаад байрны метр квадрат, СӨХ, ус, цахилгааны төлбөрийн асуудлыг хянах зэрэг саналуудыг хэлэв.
Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 28 их наяд төгрөг, нийт зарлага 28.4 их наяд төгрөг. Тэнцвэржүүлсэн тэнцлийн 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтэй байгааг салбарын сайд хэллээ. Урсгал зардал 22.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их наяд 968.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн дүнгээс 7.5 хувь буюу 2 их наяд 277 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөөр байна. Үүнд, нүүрс экспортлогч аж ахуй нэгжийн борлуулалтын орлогын мөнгөн дүн хоёр дахин буурсан, ААНОАТ, АМНАТ-ын орлого буурсан зэрэг нөлөөлж байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
АДМИН






Нийгэм









