Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргэж байна.
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, саатуулагдах, шалгагдах, ял шийтгэл эдлэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагавар дагуулдаг.
Хулгай, дээрэм хийх, бусдын эд хөрөнгөд халдах, биеэ үнэлэх, биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйлдэл нь БНХАУ-ын Эрүүгийн хуулиар хорих ял авах, албадан нутаг буцаах, хилээр нэвтрэх эрх нь хязгаарлагдах зэрэг ял шийтгүүлэх ноцтой үр дагавартай байдаг.
Иймд богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна. Хэн нэг нь Танд “хариуцлага хүлээхгүй” гэж ухуулсан ч хууль зөрчсөн тохиолдолд эрх зүйн хариуцлагаас зайлсхийх боломжгүй болохыг сануулж байна.
Иймээс Монгол Улсын иргэн Та БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжлон өөрийн аюулгүй байдал болон эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэний байр суурьтай байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.
АДМИН






Нийгэм









