УИХ-ын гишүүн П.Батчимэг гадаад томилолттой холбоотой сошиалд тархсан мэдээллийг үгүйсгэн, УИХ-д сонгогдсоноос хойш төсвийн хөрөнгөөр ердөө гурван удаа албан томилолтоор ажилласан гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Харбинд хийсэн айлчлал, Хятад руу Ганц мод–Гашуунсухайт чиглэлд хийсэн ажлын айлчлал болон Ерөнхийлөгчийн Италийн айлчлалд оролцсон нь өөрийнх гурван томилолт гэдгийг тодотгож, “19 удаа явсан” гэх мэдээлэл ташаа болохыг онцлов.
Тэрбээр, “УИХ-ын гишүүдийн гадаад томилолттой холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлье. Миний бие 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хоёр дахь жил маань үргэлжилж байна. Энэ хугацаанд төсвийн мөнгөөр гадаад албан томилолтоор гурван удаа явсан. Өнгөрсөн жил МУ-ын ЕС Л. Оюун-эрдэнэтай хамт Харбинд албан томилолттой ажилласан. Ганц мод, Гашуун сухайтын гэрээ байгуулах албан ёсны айлчлалд оролцсон байгаа. Хоёр дахь миний албан томилолт БНХАУ-д Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Уул уурхай, эрдэс баялгийн сайд Туваан гэх хоёр сайд, УИХ-ын хэсэг гишүүдтэй хамт Ганц мод, Гашуун сухайт, Оюутолгой, Тавантолгой, Бугат, Бээжин гэсэн чиглэлд албан томилолтоор тав хоног ажилласан. Гурав дахь албан томилолт бол МУ-ын Ерөнхийлөгчийн Итали улсын Ром хот руу албан айлчлалаар сая яваад ирлээ. Ийнхүү УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш 3 удаа л албан томилолтоор ажилласан байгаа. МУ-ын УИХТГ-аас сэтгүүлчдэд нээлттэй, нууцад хамааруулахгүйгээр гишүүд, сайд нарын гадаад томилолтын асуудлаар тайлан мэдээллийг авч ХМХ-д тавьсанн гэж харж байгаа. Би гишүүнийхээ хувьд төсвийн зардлаар “Албан томилолт” хэмээх нэрийн дор хуралдаа суухгүй ажлаа хийхгүй, орхигдуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Сошиалд явж буй томилолтод 19 удаа явсан гэх ташаа мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хүслээ” гэв.
Б.БИЛГҮҮН








Нийгэм







