УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
С.Цэнгүүн: Миний хувьд энэ жил гаднаас урилгууд авч гадагшаа явах боломжууд тохиосон. Улсын төсвийн зардлаар биш олон улсын байгууллагуудын залуу улс төрчдийн манлайлалтай холбоотойгоор НҮБ-ын уулзалтууд, эмэгтэй улс төрчдийн холбоонуудын шугамаар улс улсуудын уулзалтуудыг хийгээд явж байгаа. Дараа жилээс 15 өөр улсаас ирж байгаа эмэгтэй улс төрчдийг авчрахаар саналуудаа өгөөд, ажил хэрэг болгох гээд хичээгээд явж байгаа. Гадаад томилолтуудын цаана Монгол улс олон улсад өөрсдийнхөө бодлого хэрэгжилт, хууль тогтоомж дээр асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаагаа гаргаж ирж байдаг. Жишээ нь электрон тамхины хүүхдийн хэрэглээ их байгаа дээр Энэтхэгийн парламентын гишүүд үүнтэй хатуу тэмцэх ёстой, гэхдээ манай гаалийнхан ажиллаж чадахгүй бана гэх мэт саналаа хэлдэг. Энэтхэгт болж байгаа асуудал манайд ч гэсэн болж байдаг. Хүн амын их бага ялгаатайгаас өөр өөрийн онцлогуудаа гаргадаг. Олон улсад хуулиуд ямар шатандаа батлагдаж байгаа, хууль батлагдах процессууд нь ямар байна гэх мэт хоорондын мэдээлэл солилцох нь их сонирхолтой, чухал байдаг. Үндсэндээ УИХ-ын гишүүн болсноосоо хойш би гурван сар тутам тайлангуудаа гаргаад явдаг. Хурлын ирц, томилолтоор явсан бол ямар зардлаар яаж явсан, ямар ажил хийсэн гэдгээ гаргадаг. Миний хувьд хамгийн үр дүнтэй байсан зүйл дэлхийн банкны урилгаар Америкийн хурал дээр эрчим хүчний татаастай холбоотойгоор илтгэгчээр оролцсон. Монгол улсад эрчим хүчний салбарыг либералчлахтай холбоотой нэг жилийн үйл явдал өрнөлөө. Бид бүхэн үнэ өртөг нийцэхгүй байгаа учраас үнэ өртгөө нэмэх хэрэгтэй гээд үнэ тарифт өөрчлөлт оруулсан. Тэрний тайлангууд гарч байна. Миний хүсэж байсан зүйл бол төр оролцохоо болиод өрсөлдөөнөөр станц барих дуртай хүмүүс нь бүгдээрээ станцаа бариад, өрсөлдөөд ирж байгаа юм чинь үнэ хямдрах ёстой зарчмыг хүссэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд тэрийг хийгээгүй, харамсалтай нь. Цаад агуулгаараа эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдсөнтэй холбоотой, эрчим хүчний зөв хэрэглээ хэмнэлттэй холбоотой ойлголтыг ойлгож эхэлж байгаа юм. Бодитоороо өнөөдрийн байгаа өртөг бодит уу, төрийн өмчит компаниудын алдагдлыг хянахаас эхлэх ёстой. Ерөнхий сайд ТЭЦ 4-ийн захирлыг сольсон байна. Энэ мэтчилэн ганцхан захирал солиод зогсох биш дарга нэртэй худалдан авах ажиллагаа дээр байж байдаг хүмүүс рүү хяналт шалгалт заавал оруулах ёстой.
Эрчим хүчний тухай хуулийн ажлын хэсэгт байхад үзэл баримтлалын маш том ялгаа байна. Би бол өрсөлдөөн рүү оруулах ёстой, төр өөрөө хангаж чадахгүй бол нийлүүлдэг олон хүндээ боломж олгоё гэж байгаа. Сайдын явуулж байгаа бодлого бол заавал нэгдсэн сүлжээ байх ёстой, төр гэрээнүүдийг хийгээд том станцуудыг барих ёстой, өөр боломж байхгүй гэх муйхар хуучны зарчмаар яваад байгаа нь асуудал болоод байна. Шинэ техник технологи хөгжөөд, нэг айл өрх хүртэл өөрсдөө эрчим хүч үйлдвэрлээд явж байгаа нийгэмд амьдарч байж яагаад өнгөрсөнтэйгөө зууралдах ёстой гэж.
Татварын өршөөлийн тухай хууль дээр анхнаасаа яагаад ААН татвараа төлж чадахгүй ийм их өрөнд орчхов гэдэг чинь буруу татварын тогтолцоо байгаад байна. Манай эдийн засаг давахгүй их хүнд татварыг нэгжүүдээс шаарддаг. Татвараа төлөөд явж байгаа компаниудаасаа улам их татваруудыг шаардаад байдаг. Татварын баазаа томруулъя гэдэг биш, төлж байгаа хүмүүсээсээ яаж ихийг авах уу гэдэг бодлого руу явж байна. Сууриар нь татварын тогтолцоогоо өөрчлөөд, үйлдвэр барья гээд ирэхэд нь зөвшөөрөл олгохгүй том том татвар тавьчихна. Шинээр компани байгуулахад 5 жилд бойжих хугацааг өгөөд, хөлөө олсон үедээ татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад явах боломжийг нь олгохгүй татвар нэмээд л, татварын байцаагч нар нь бөөн дарамт үзүүлдэг хүмүүс болчихсон. Ингээд яваад байвал манай татварын систем хэзээ ч сайжрахгүй. Бизнес хийгээд төрөөс хамааралгүй амьдарч байсан хүмүүс нь ялтан юм шиг байдал руу оруулчихсан. Хүн амын албан татварын орлогыг 1% болгоё гээд өргөн барьсан байгаа. Иргэн болгонд бодитоор нөлөөлөх бодлогоо бодлогын түвшинд АН шахаад явж байгаа.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм







