Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.12.11) болж, хуралдаанаар 2025 оны “Бүсчилсэн хөгжлийн дэмжих бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэх, тайлан мэдээллээ нэгтгэж, Засгийн газарт танилцуулах тухай асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцлээ.
Мөн төсөв хүндэрч байгаа энэ цаг үед төрийн байгууллагуудын төсвийг үр ашигтай зарцуулах, хэмнэлтийн горимыг мөрдөн ажиллах тухай Засгийн газрын үүрэг даалгаврыг танилцууллаа. Тэр дундаа салбарын хүрээнд гадаад томилолтыг цуцлах, байгууллагын дотоод журмаар олгодог тэтгэмж, урамшууллыг түр зогсоохыг харьяа байгууллагын дарга удирдлагуудад үүрэг болголоо.
Шуурхай хуралдаанаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбарын цаг үеийн мэдээллүүдийг танилцуулж, Ерөнхий сайд Г. Занданшатар ОХУ-д айлчлал хийж, энэ хүрээнд Монгол, Орос хоёр улсын тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцсэн ажлуудын талаар товч танилцууллаа.
“Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нуруун дээр ирэх ачааллыг бууруулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “УБТЗ”-ын харьяа цэцэрлэг, сургуулиудыг нийслэлд хүлээлгэн өгөх ажлыг яаравчлах, ажлыг хэсгийг шуурхай зохион байгуулахыг “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. Монгол, Орос хоёр улсын тээврийн салбарын хуралдаанаар талууд хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн тодорхой асуудлуудыг хэлэлцэнэ гэдгийг сануулав.
Шуурхай хуралдаанд өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогдсоныг танилцуулж, тус компанийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, үйл ажиллагаанд хийх шинэчлэл өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар салбарын сайд товч дурдлаа. Тухайлбал, агаарын тээврийн салбарын эрэлт хэрэгцээ дэлхийд төдийгүй Монголд өсөн нэмэгдсээр байна. Иймд зорчигчдын тав тухыг бүрэн хангаж ажиллах, нисэхийн салбарт нэмэлт орлого олох, алдагдлаа бууруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.
Төмөр замын салбарт, Засгийн газраас Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуунд орон нутагт ажиллах ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлж, ажлын зохион байгуулалтаа сайжруулж, эрчимжүүлэхийг анхаарууллаа.
Мөн энэ ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур БНХАУ-ын тээврийн яамтай уулзах уулзалтын товыг тодорхой болгох, хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажлаа яаравчлахыг санууллаа.
Одоогоор урд хөршид 66 цуваа, 3300 вагон экспортын оочир дугаартай зогсож байгааг хэлээд энэ асуудалд яаралтай зохицуулалт хийж, ачаа тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, орон нутгийн зам дахь автозам ашигласны төлбөр авах цэгүүдийг ашиглалтад оруулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д. Оюунболдод үүрэг болгов. Мөн "Авто замын засвар арчлалтын нэгдэл-АЗЗА" ТӨХК-ийг татан буулгах, автозамын аюулгүй байдалд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.
Мөн цаг агаар хүйтэрч ихэнх аймаг орон нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул цаг үеийн шуурхай мэдээллийг 24 цагаар хүлээн авч болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зам, тээврийн салбарын бүх байгууллагуудад онцгойлон анхаарууллаа. Энэ ажилд хяналт тавьж ажиллахыг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохд үүрэг болгов.
Иргэний нисэхийн салбарт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж ажиллахын зэрэгцээ 2026 оны дөрөвдүгээр сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалт Монгол Улсад ирэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Мөн ирэх онд зорчигч тээвэр болон ачаа тээврийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлууд, хэрэгжилт биелэлтэд анхаарч ажиллахыг чухалчлан сануулав.
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар агаарын тээврийн зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, МИАТ-ын нислэгийн тоо 4000, хүлээгдэж буй зорчигчийн тоо 1.200 мянга, одоогийн байдлаар 1102 мянган зорчигч тээвэрлээд байна.
“Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын 2025 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 18.217 нислэг хийгдсэн байна. Нийт 2.226 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ. Хүлээгдэж буй дүнгээр 2.240 мянган зорчигч үйлчлүүлэх тооцоолол хийгдсэн гэдгийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК -ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав танилцуулав.
Шуурхай хуралдаанаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, үүрэг чиглэл өглөө.
Зам тээврийн салбарын 2025 оны ажлаа дүгнэх, 2026 оны ажлаа төлөвлөх, төсөв хүндэрч байгаагаас үүдэн байгууллага тус бүр эдийн засгийн үр ашигтай ажлаа эхэнд нь төлөвлөөд явахыг санал болгов.
АДМИН







Нийгэм









