Dark Light
Нийгэм | 2025-12-12

Г.АЛТАНДУУЛГА, Б.ЗОЛЗАЯА: МӨРӨӨДЛИЙН ХУРИМАА ХИЙСЭН ОНЦГОЙ САЙХАН ЖИЛ БАЙЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Жүжигчин Г.Алтандуулга болон түүний хань жүжигчин Б.Золзаяа нартай ярилцлаа. Тэд энэ жил хуримаа хийж, найман ангит шинэ кониныхоо нээлтийг хийгээд байгаа юм. 
-2025 он ямар онцлогтой жил болов. Бодсон ажлуудаа хийж гүйцэтгэж чадав уу?
Г.Алтандуулга: Ололт амжилт ихтэй, арвин сайхан жил байлаа, хүсэж мөрөөддөг байсан мөрөөдлийн хуримаа хийлээ. Траума олон ангит уран сайхны киноны том төсөл дээр ажиллаж нээлтээ хийж үзэгчдэд хүргэчхээд байж байна. Бид хоёрын хувьд танилцаад 15 жил болсон байна. Залуу хосуудын хувьд мөрөөдөж төлөвлөсөн зүйлс маш их байсны нэг хэсэг нь хурим байсан. Хурим бол шууд хийе гээд хийчихдэг зүйл биш. Олон жил төлөвлөсөн. Олсон ашгаасаа хуримтлал үүсгээд мөнгөө цуглуулж байгаад өөрсдийнхөө хүчээр хуримаа хийсэндээ аз жаргалтай байна. Гайхалтай, төсөөлсөн бодсоноос илүү сайхан болсон. Үнэхээр сайхан жил байлаа. 
Б.Золзаяа: Гэр бүлийн хувьд ажил амьдрал, арвин олз омогтой жил байлаа. Хурим олон олон гэнэтийн бэлэгтэй байсан. Нөхөр маань олон ангитын зураг нь дуусаагүй байж таараад, хуримын өмнөхөн нь зураг нь дууссан. Тэр их ажлын хажуугаар мөрөөдлийнхөө хуримыг хийсэндээ баяртай байгаа. Анх танилцахдаа дуулж байсан дуугаа дуулж, 999 сарнайны эзэн болсон маш гоё мартагдашгүй хурим болж тод үлдсэн. Ажил амьдрал маань сайхан явж байна. 
-Анх хэзээ танилцаж байв. Анхны дурсамжуудаасаа хуваалцвал..
Г.Алтандуулга: СУИС-д бид хоёр жүжигчний мэргэжлээр сурдаг байсан. Би дээд курсийнх нь ах байсан. Ах аа, ах аа гэсээр байгаад л аваад суучихсан. 2010 онд гуравдугаар курстээ ордог жил нэгдүгээр курсийн охидоос харж байгаад л хамгийн түрүүнд таалагдсан охин руугаа захиа бичээд, мессеж бичилцсээр байгаад л одоог хүртэл хамт байна. СУИС-д гуравдугаар курст ороод л найз охинтой болдог гэх дам яриа байдаг байсан. Тэр үедээ за одоо л найз охинтой болдог гэсэн харъя, сонгоё хэн байна гээд, би хайгаагүй тэнхимийн танилцах үдэшлэгээр хараад л дурлаад одоо мөрөөдлийнхөө амьдралыг бий болгоод л явж байна даа.
Б.Золзаяа: Нэгдүгээр курстээ ороод, дээд курсийнхээ оюутнуудтай танилцах өдөрлөг болоод, хөл бөмбөгийн тэмцээний үеэр болж байсан. Тэр өдөр явна, явахгүй гээд нэлээн юм болж очсон. Явсан болохоор намайг хараад гэр бүл болсон. Би дуулгавартай охин байсан. Хотоос зайтай, Тэрэлжид танилцах үдэшлэг болсон юм. Би эгчийндээ байдаг байсан. Эгч тийшээ явж яах гээд байгаа юм, хол юм байна, хонох юм бол хэрэггүй гэхээр нь би уйлсаар байгаад нэг юм такси бариад очиж байлаа. Тэр өдөр очоогүй байсан бол намайг харахгүй байсан байх. Манай хүн тэр үед хөдөлгөөнтэй, сахилгагүй, хүмүүсийн нүдэнд тусдаг, хөөрхөн ах байсан. Ах аа, ах аа гэж байгаад аваад суучихсан юм уу даа. 
-Жүжигчний амьдрал хэцүү, ар гэр орхигддог гэдэг. Амьдрал дээр гараад ирэхээр ямар байдаг вэ?
Г.Алтандуулга: Янз янзаар л ярьдаг. Аль болох тэгэхгүйг хичээж ажилладаг. Сүүлийн үед тэгж бодогддог болсон. Хоёр хүүхэд маань хоёулхнаа гэртээ байдаг. Нэг талаараа биеэ дааж өсөж байгаа ч нөгөө талаараа баяр ёслолоор бид хоёр ажилтай зурагтай үед хамт байж чаддаггүй. Хүүхдүүд том болоод гомдоллоод, баярын өдөр, нэг өдөр бүтэн амарчихад яадаг юм. Дандаа л ажил гэдэг гээд л бид хоёрын зураг авалтаас залхаад байх шиг байгаа юм. Цаашдаа анхаарах ёстой санагдсан. Залуу хүмүүсийн хувьд хийе гэсэн уран бүтээл, төслүүдээ одоо л хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас. Тал талдаа нэг нь жүжигчин, нөгөө нь продюсер ч гэсэн бид хоёр нэг уран бүтээл дээр ажиллаж үзээгүй. 2024 онд Эрдэнэсийн арал гэх кинон дээр л анх удаа хамтарч ажиллаж үзсэнээс бусад төслүүд дээр тусдаа явдаг. Нэг гэр бүлийн хүмүүс нэг уран бүтээлээр хамт ажиллавал асуудлууд гардаг л юм билээ. Хүүхдүүдэд зориулсан монгол ур ухаанаа шингээсэн, сургамжтай контент эхнэртэйгээ хийе гэсэн бодол байдаг, сүүлийн үед үзэх контентгүй утас, компьютероос шүүлтүүргүй мэдээлэл авч байна шүү дээ. 
-Урлагийн гэр бүлийн хүүхдүүд урлагт хайртай болж өсдөг. Танай хүүхдүүдийн хувьд хэр байна. Дуулж, бүжиглэх авьяас хэр мэдэгдэж байна вэ?
Г.Алтандуулга: Манай том хүүхэд урлагт дуртай. Түрүү жил урлагийн үзлэгээ заавал үз гэхээр нь очтол, 6 номерын 5 дээр нь манай хүүхэд гарч байсан. Би багадаа яг ийм хүүхэд байсан. Урлагтай ойрхон өсөөд байгаадаа ч тэр үү, гэртээ очоод бид хоёр дандаа урлаг ярьдаг болоод ч тэр үү их дуртай. Тэр тусмаа кинонд сонирхолтой, үзээгүй кино цөөхөн. Iptv-д байгаа бүх киног үзчихсэн байх. Сүүлд үзсэн киногоо надтай задалж яриад байхаар нь гайхсан. Би тэр киног хэдэн насандаа, хэдэн удаа үзэж ойлголоо. Тэгтэл манай хүүхэд нэг үзчихээд энэ бол кино шиг кино байсан байна гээд л, ээжээсээ илүү кино үздэг. Миний хувьд ажил амраад, гэртээ хэд хонохоороо кино их үздэг. За миний хүү нэг кино тавьчих гэхээр, сүүлийн үед олигтой кино гараагүй байна аа аав гээд л. Бүх кино үздэг платформуудыг татчихсан, тэр дээр нь би нээх хориглодоггүй. Манай бага спорт тал руу сонирхолтой. Таеквондод яваад их дуртай байгаа. Хүүхэд дуртай юмаа хийхээр өглөө цагтаа сэрэх нэг өдөр хоцроод уйлсан. Аль болох хоёр хүүхдээ чөлөөт цагийг нь гэртээ утсаа үзээд байж байснаас, урлаг, спортод дуртай болгохыг л боддог. Залуу хүмүүсийг уран бүтээлээрээ дамжуулаад эх орныхоо болж бүтэхгүй байгаа юмыг харуулах гэж хичээдэг. Иргэн хүнийхээ хувьд хүүхдүүдээ л сайн өсгөж хүмүүжүүлэх нь чухал юм болов уу гэж боддог. Манай гэр бүлийн хувьд бүх юмаа илэн далангүй ярилцдаг.
-Өсвөр нас нь эхэлж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй өөрчлөгддөг юм байна уу?
Г.Алтандуулга: Надад манай том хүү, эхнэр хоёр ялгаагүй санагдаад байдаг. Гэртээ ороод хоёр хоёроороо хуваагдчихдаг. Миний ажигласнаар одоогийн хүүхдүүд бага наснаасаа, өсвөр насны мэдрэмжийг аваад байгаа юм шиг. Манай том 13-тай гэхэд миний хувьд жаахан. Гэхдээ тэр ярилцаж зөвлөлдөж байгаа сэдэв нь том хүн шиг. Би өөрөө хэдэн настай, манай хүү хэдтэй билээ гээд хааяа гайхдаг. 
Б.Золзаяа: Бага хүү бид хоёр арай дотно. Айлын бага хүү гэдгээрээ жаахан эрх. Том хүү маань дүүд арай их анхаарлаа хандуулаад байна гээд заримдаа гомдоллодог. Ямарваа нэгэн асуудал гарахаар том хүүгийн ард аав нь, бага хүүгийн ард би гэх байдлаар асуудалд ханддаг. Бид хоёр хүүхдүүдээ загнаад зодоод байдаггүй. Өөрсдийнхөөр нь даалгавраа хийгээрэй гээд зүгээр хэлчихдэг. Байнга шахаад байхаар дургүй байгаад байгаа юм шиг санагддаг. 
Г.Алтандуулга: Манай үеийн эцэг эхийн хүмүүжил аймар шүү дээ. Болохгүй бол яс маханд нь шингээнэ, хоёр хөлийг нь хугална гээд аймар хэллэгүүд байдаг байсан. Миний хувьд хүүхдээ хүмүүжүүлэхдээ аль болох тэрнээс зайлсхийж ярилцахыг илүүд үздэг. Яагаад ингэв гээд учир шалтгааныг сонсохыг хүсдэг, үнэхээр залхуурсан бол үнэнээ хэл, даалгавраа хийгээгүй бол үнэнээ л хэл, хичээлдээ явах сонирхолгүй байвал явахгүй байсан ч болно. Гэхдээ яагаад сонирхолгүй байгаагаа хэл гэх мэт ярилцаад ойлголцох нь дээр гэж боддог. Нийгмээ дагаад, заавал аав ээждээ загнуулаад, зодуулаад өсөх албагүй, ярилцаад өсвөл цаашдаа олон хүнтэй зөв харилцаатай болж өснө. 
-Та хоёрын хувьд үл ойлолцох асуудал гарж байв уу. Тэр үедээ яаж ойлголцдог вэ?
Г.Алтандуулга: Үл ойлголцдоггүй, хэрүүл уруулгүй гэр бүл гэж ер нь байдаггүй байх. 15 жилийн хугацаанд юу эс болох вэ. Гэхдээ амьдралдаа сэв суулгасан, хэзээ ч мартахааргүй тийм том асуудал байхгүй. Ажил мэргэжил, жижиг сажиг зүйлээс болж маргалдах үе байдаг. Би өөрөө аманцар хүн. Ямарваа юмны урдуур орчхоод байдаг. Эмэгтэй хүн шиг эхнэрээ хоргоогоод хэрүүл хийх талдаа. Манай хүн юм ярьдаггүй болохоор хоорондоо зохицдог байх. Би хэсэгхэн хугацаанд стресстэж байгаад л эргэж хараад л мартчихдаг болохоор том асуудал одоогоор бол байхгүй л байна. 
-Таны хийсэн бүтээлүүдээс арай өөр өнцөг ажиглагддаг. Уран бүтээлүүдийнхээ санааг хаанаас олж байна вэ?
Г.Алтандуулга: Өөрийнхөө хэдэн бүтээл дээр ажилласан бэ гээд барагцаа тоо гаргасан. 2011 оноос ажиллаж эхэлснээс хойш киноны зургийн дарга, гэрэлтүүлэгч, зураглаачийн туслах, продюсер гээд бүх арын мист гээд нийтдээ 36 кинонд ажилласан байсан. Ерөнхий продюсероор ажилласан 7 кино байгаа. найзуудтайгаа нийлж маш олон төсөл дээр хамтарч ажилласан. Сүүлийн жилүүдэд бие дааж продюсерын карьер хөөж байгаа гэж хэлэхэд болно. “Траума” киноны санааг миний хувьд өөр л юм хиймээр санагдаад байсан. Эхний анги нь архины донтолттой хүний талаар, хоёр дахь анги нь хар тамхины тухай, гол дүрүүд нь ондоо. Гуравдугаар анги нь биеэ үнэлэгч эмэгтэй хүний тухай тэр нь муухай биш. Яагаад биеэ үнэлэлт монголд байгаад байна. Сексийн донтолт гэж яг юу юм гээд анги болгон дээр өөр сэдэв, донтолтын тухай кино хийе гэж найруулагчтайгаа ярьсан. Сарын дараа студи дээрээ ярилцаад байж байтал, хэдэн жилийн өмнө 13-15 насны дөрвөн хүүхэд газ хэрэглээд, нэг нь уушги нь хөлдөөд газар дээрээ өнгөрсөн гээд сошиал дээр нэлээн сэвэгдсэн. Энэ сэдэв дээр хамгийн анхны санаагаа олоод, төслөө бичээд, GoPlus-д санал тавиад, зохиол бичигдэж эхэлснээс өмнө зөвшөөрсөн. Нийгэм тэр чигтээ стресстэй, ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай, өр зээл, сошиал дээр бөөн хэрүүл гээд энэ их стресстэй нийгэмд дахиад стресстэй кино хийх гээд байдаг яадаг бол гэсэн айдастай байсан. Нээлтээ хийгээд, үзсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаа. Манай киног сонирхож үзэх хүмүүс нь кинонд дуртай, мэргэжлийн хүмүүс маш сайн үзэх болов уу. Одоо бол дараагийн уран бүтээл юу байх вэ гэсэн бодолтой явж байна. Аль болох л нийгэмдээ ямар нэгэн байдлаар мессеж, хүмүүст нэг юм ойлгуулахыг хүсдэг.
Б.Золзаяа: Би “Оранж энтертайнмент”-д продюсероор ажилладаг. Миний хувьд 7 сард “Намайг ачсан дурлал” кино контент хийгээд IPTV-д өгсөн. Шинэ жилээр бас нэгэн уран бүтээл хийгээд өгч байна. 2026 ондоо бас нэгэн том төсөл хийхээр зорьж байгаа. Бид хоёрын ажил мэргэжил адил төстэй учраас нөхрөөсөө зөвлөгөө авах, ярилцах зүйлүүд байдаг. 
-Гэр бүлийн асуудлаа олон нийтийн сүлжээнд цацдаг явдалд ямар байр суурьтай байдаг вэ?
Г.Алтандуулга: Донтолтын сэдэвтэй 7 дугаар подкаст киноныхоо жүжигчидтэйгээ, сэтгэл зүйчтэй хамтран бэлдсэн. Интернэтийн донтолт гэдэг зүйл рүү бид нийгмээрээ орчихсон байгаа юм байна лээ. Мөрийтэй тоглоом, интернэт залилан, гэртээ ямар ч амьд харилцаа байхгүй мөн цахим орчин дахь эхнэр нөхрийн хэрүүл. Миний хувьд хувь хүн болгон өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, нууцтай байх хэрэгтэй гэж үздэг. Нийгмийн сүлжээн дэх гэр бүлийн хэрүүл хүний тэр мэдээллийг авах, авахгүйгээ шийдэх эрхэнд халдаад байдаг. Яаж ийж байгаад л бид яаг юу болсныг нь мэдчихдэг. 
-Нийгмийн сүлжээ хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлж байна. Ажиглагдаж байгаа зүйл бий юу?
Г.Алтандуулга: Хүүхдүүддээ “Facebook”-ийг аль болох ашиглуулахгүйг хичээдэг. Зөвхөн найз нөхөдтэйгөө болон гэр бүлтэйгээ ярих зорилгоор ашигладаг юм. Мөн хэнтэй найзууд болсон эсэхийг нь хянадаг. Аль болох л муу муухай мэдээллүүдийг харуулахгүйг хичээдэг дээ.
-Залуу гэр бүлийн хувьд ирээдүйд төлөвлөж байгаа зүйл юу байгаа вэ?
Г.Алтандуулга: Уран бүтээлийн хувьд бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн уран бүтээл хийх бодолтой байна. Гэр бүлийн хувьд шинэ гишүүн нэмэх бодолтой байгаа. Бид хоёр хоёр талдаа хичээж шинэ байрныхаа мөнгийг төлж дуусгасан. Шинэ байрандаа орж байгаад шинэ гишүүнээ хүлээнэ дээ.
-Хуримаа өөрийн төлөвлөж байснаар хийж чадсан уу?
Г.Алтандуулга: Ковидоос хойш хуримаа хийнэ гэж бодож явсан. Манай эхнэр айлын том, би айлын ганц. Зүгээр мөрөөдөөд байвал хэзээ ч хуримаа хийж чадахгүй. Хурим хийхэд эдийн засгийн хувьд өртөг өндөртэй учраас мөнгөө хуримтлуулж байгаад хийе гэж ярилцсан. Энэ жил яаг л мөрөөдөж байсан сэтгэлд хүрсэн хуримаа хийж чадсан.
-Багадаа ямар хүүхэд байв. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
Б.Золзаяа: Би багадаа урлагийн сонирхолтой хүүхэд байсан. Манай ээжийн талынхан урлагийн авьяастай хүмүүс байдаг. Би сэтгүүлч болох уу, жүжигчин болох уу гэж боддог байсан юм. Жүжигчин мэргэжлийг сонгоод Соёл Урлагийн Их Сургуульд орох шалгалт өгөөд нэгдүгээр шатандаа тэнцээд маш их баярлаж байлаа.
Г.Алтандуулга: Манай хадам ээж урлагийн хүн. Гайхалтай сайхан цээлхэн дуулдаг, арга хэмжээ хөтөлдөг СТА Нарангэрэл гэж хүн байгаа. Одоо Ховд аймгийн Булган сумын соёлын төвд эрхлэгчээр ажилладаг. Миний хувьд манай гэр бүлд ямар ч урлагийн хүн байдаггүй. Зургадугаар ангид ордог жил намайг гэрийн даалгавар хийхгүй байна, гадуур тэнээд байна, гэртээ тогтохоо байлаа гээд манай ээж намайг Монголын Хүүхдийн ордноос салбарласан “Цоглог” студид Саранхүү багшийн гарт аваачиж өгсөн юм. Саранхүү багш л намайг урлагт дурлах, хайртай болгож өгсөн. 10 жилээ төгсөхөд яагаад ч юм манай ээж намайг Солонгост барилгын инженерээр сургана гээд аваад явчихсан. Явахаасаа өмнө би СУИС-д шалгалт өгчихсөн байсан юм. Солонгост оччихсон байхад тэнцсэн гэсэн хариу ирээд ганцаараа буцаж ирээд СУИС-ийн оюутан болж орж байсан.
-Танай үеийнхэн нийлээд олон кино хийсэн. Бүгд нэг ангийнхан уу?
Г.Алтандуулга: Бид анх сургуулиа төгсөөд л хамтдаа олон кино хийсэн. Манай үеийнхэн кино урлагийн салбарт бүгд маш амжилттай явж байгаа. Ялангуяа манай төгсөлтийнхөн бол тал талдаа өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байна. Манай үеийнхэн тэр чигтээ кинонд дурлах болсон шалтгаан манай “Фантастик”-ийн ах нар. Найзуудаараа кино хийгээд, хийсэн кинонууд нь байлдан дагуулаад л. Яг доод үеийнх нь бид. Тэднийг дагаж тал талдаа найзуудаараа студи, продакшн байгуулж байсан. Одоо харин КУДС, СУИС төгссөн мэргэжлийн сургуулийн жүжигчнээр төгсөж байгаа хүүхдүүд кино урлагт дурлахаасаа илүү, сошиал бичлэг, контент хийдэг хүмүүс болж гарч ирээд байгаа. Кинонд дурлаж ажиллах сонирхолтой хүмүүс цөөрчихлөө л гэж хараад байна.
-Сүүлийн үед кинонд мэргэжлийн бус хүмүүс тоглох болсон. Ямар ялгаа харагддаг вэ?
Г.Алтандуулга: Монголд төдийгүй дэлхий даяар тийм болчихлоо. Заавал мэргэжлийн жүжигчин тоглоно гэдэг зүйл байхгүй. Миний хувьд уран бүтээл хийхдээ заавал мэргэжлийн хүн тоглуулна гэж боддог байсан. Одоо бол үнэхээр дүр төрх, зан байдал нь таарах юм бол мэргэжлийн бус ч гэсэн дүрд тоглуулахад татгалзаад байх юм байхгүй. Гэхдээ аль болох мэргэжлийн хүмүүсээ авахыг л эрмэлзэнэ. 
-Хурим хийхээр гэр бүлийн харилцаа, хандлага өөрчлөгддөг үү?
Б.Золзаяа: Хурим дуусаад бид хоёр хүүхдүүдээсээ тусдаа 4 хоног байсан. Бүр их аз жаргалтай, гэнэтийн мэдрэмжүүдийг мэдэрсэн болохоор ч тэр үү илүү их хайрлах, ойлгох, бүр их хайрыг мэдрэх болсон.
Г.Алтандуулга: Хуримаа хийнэ гэдэг бол бас нэг том даваа. Хүн болгон хурим хийдэггүй байх. Миний хувьд нэг даваа давчихсан юм шиг санагдсан. Бид хоёрын хувьд 2 талын аав ээж, ах дүү нараасаа хараат бусаар өөрсдөө нэг нэгээр нь хурааж хуримтлуулж өөрсдийн мөрөөдлийн хуримыг хийсэн учраас аз жаргалтай байсан. Өөрсдөөрөө бахархах мэдрэмж нь арай илүү санагдсан. 
2025 он тун удахгүй дуусаж, 2026 он гарах гэж байна. Уншигчдад маань сайхан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч?
-Бид хоёр бол залуу гэр бүлийн төлөөлөл. Бүх л хосуудтай адилхан хичээж, амьдралаа аз жаргалтай, гэрэл гэгээтэй болгох гэж хичээж, зүтгэж яваа залуу гэр бүл. Ялангуяа залуу хосууддаа хандаж хэлэхэд нэгэндээ итгэж байгаарай. Итгэх итгэлийг нь олгож байгаарай, биеийнхээ хувийн орон зайг хүндэтгэж байгаарай. Монгол Улсын иргэн бүр аз жаргалтай сайхан амьдраасай. Шинэ оноо сайхан угтаарай. Эрүүл энх байж зорьсон, санаснаа гүйцэлдүүлээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21