Сэтгүүлч С.Будрагчаа “Боолчлогч” нэвтрүүлгээрээ “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт, харийн нутаг, хүний гарт 14 жилийн өмнө амиа алдсан Филиппин бүсгүй Терил Атиензагийн эмгэнэлт хувь тавиланг хөндөн харууллаа. Үндэс угсаа, хэл соёл өөр ч ардаа хүлээх үр хүүхэдтэй адилхан эх хүн, ижилтэй ханьтай, ээж аавтай амьд хүнийг бараа шиг наймаалж, боолчлон мөлжиж, зодож нүдэж, хутгалж тамласан адал балмад хэрэг хуучирдаггүйг үзлээ, харлаа.
Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол улсад хууль ёс хэрхэн илжирч ялзарч, өмхийрч өтсөнийг нэвт шувт мэдэрлээ.
Хохирогч бүсгүйн биеэр нь дүүрэн бэртэл гэмтэл, хөх няц, цээжинд нь эдгэж ч амжаагүй хутганы шархыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнгийн А.Амгаланболд, О.Сарангэрэл, Б.Ууганбаатар гэдэг шинжээчид харах нүдгүй, шимшрэх зүрхгүй, өргөсөн тангараггүй юм шиг шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас зүрхний дутмагшилд орсон гэж дүгнэсэн юм байна.
Ядарсан бүсгүй, зүдэрсэн эх хүний цогцсыг сэлбэгийн хулгайч шиг цөлбөн тонож, ардын домогт гардаг хүний махан хүнстэнгүүд шиг зүрх, бөөрийг нь бүтнээр нь сугалж аваад илгээсэн байна. Үнэнийг нуух гэж зүрх, бөөрийг нь сугалж аваад явуулсан нь хууль, шүүхийн практикт урьд хожид гараагүй, хүний ёсноос гадуур шившигт үйл баримт болж байна.
Хүний эрхийг дээдэлсэн, хөгжингүй Австри улсын өргөмжит консулын хэргэмтэй, Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн хүний наймааны босс, боолын хатан юм байна. Террил Атиензаг Темүгийн бараа шиг аяллын визтэй захиалж авчраад, ар гэр, ертөнцөөс таслаад 4 байшин цэвэрлүүлж дарлан мөлжиж байж. Олон ангит киноны муу дүр шиг баян айлын балай хүүхэд Эрдэнэбатын Жаргалан гэрийн үйлчлэгч гарынхаа шүүс болгон зодож нүддэг яргачин.
Хотоор дүүрэн газартай, Монголоор нэг өртэй атлаа сарын 500 долларын цалин хөлсийг нь ч өгөхгүй үнэгүй зарцалж, айлган сүрдүүлж Монгол руу явуулсан хүний наймааны зуучлагч нь 340 доллароор амийг нь үнэлж, ар гэрийг нь амаа таглахыг шаардсан. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 200 гаруй тэрбум төгрөгийн өртэй.
Эцэг нь улсыг өрөнд оруулсан казиночин. Эх нь амьд хүнийг эд бараа шиг наймаалж, 21-р зуунд боолын эзэн. Том хүүхэд нь ядарсан бүсгүй, эх хүнийг яргалж тамлагч. Бага хүүхэд нь баар савны гадаа хүн бөөрөлхөн зодож, хүний хүүхдийн эрүү нүүрийг үйрүүлнэ. Эрлийн үзүүрт Эрдэнэбатынх гэдэг айлын элдэв балмад хэрэг явдал олдох бүрд төрийн хууль хаагуур нь зөрдөг вэ?
Амь хохирогчийн ар гэрийнхний гомдлоор хэргийг сэргээн шалгах хуультай тул алс холын филиппинээс нөхөр, хүүхдүүдийг Монголд ирүүлэх, олон жил өнгөрсөн ч үнэнийг олох олон түмний хөдөлгөөн өрнөж байна.
Зөгий.мн сайт, “Түс тас” хошин тоймын хамт олон шударга ёсны төлөөх үйл хэрэгт нэг сая төгрөг хандивлаж байна.
Монгол оронд задарсныг засдаг, ядарсныг тэтгэдэг хууль ёс ялах болтугай.
АДМИН







Нийгэм








