Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглээд “Бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглахын төлөө ажиллана. Нийт 367 бүтээгдэхүүний 90% нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн байгаа. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, барааны эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарна” гэв.
ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков хөдөө аж ахуй хөгжсөн аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, салбарын талаар мэдлэг, туршлагатай хүн ХХААХҮ-ийн сайдаар томилогдсонд таатай байгаагаа илэрхийлээд “ОХУ-ын зүгээс мал эмнэлгийн салбарт нягт хамтран ажиллах, мал эрүүл мэндийн зорилтот төсөл хэрэгжүүлэх болон боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг олгох боломжтойг тэмдэглэлээ. Мөн малын эрүүл мэнд болон вакцины хяналт, биокомбинат, лабораторийн шинэчлэл зэрэгт анхаарна уу гэж хүслээ. ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Элчин сайдтай санал нэгтэй байгаа илэрхийлээд дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарч ажиллана гэдгээ тэмдэглэн хэллээ.
Уулзалтаар Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээг ЕАЭЗХ-ны бусад гишүүн орон баталсан тохиолдолд хоёр улсын барааны эргэлтийг сайжруулах, худалдааг эрчимжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон ирэх онд тохиох Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.
Мөн энэ долоо хоногт болох Монгол-ОХУ-ын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд М.Бадамсүрэн сайд малчид, тариаланчдын зүгээс шатахууны нийлүүлэлтэд анхаарч өгөхийг хүссэнийг Элчин сайдад уламжиллаа.
АДМИН








Нийгэм









