Сэтгүүлч С.Будрагчаа 2011 онд Монголд амь насаа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн хэрэгт зориулан “Боолчлол” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж байв.
Тэгвэл энэхүү хэргийн улмаас амь насаа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн саяхан Монголд ирж, талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлтээ Монголын хууль, хяналтын байгууллагад гаргахаар зорьж байгаа аж.
Энэ үеэр Сэтгүүлч С. Бүдрагчаа: Филиппин улсын иргэн Террил Атиензагийн ар гэрийнхэн яг одоо Монголд ирэх гэж байна. Монголын сайхан сэтгэлт мянга мянган ард түмэн, Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хамт олон дэмжиж, мэдээллэж, уриалж, санхүүжүүлж хандив өгсөн учраас Террил Атиензагийн гэр бүлийнхэн Монгол руу ирж байгаа юм.
Миний хийсэн нэвтрүүлгийн үр дүн нь юу вэ? гэвэл ХМХ-ийн найз нөхөд ар гэрийнхнийг нь Монголд авчраад хэргийг нь сэргээн шалгах хүсэлтийг нь албан ёсоор тавиул гэж хэлсэн. Хэрэв тэгэх юм бол дахиж хавтаст хэргийг шалгаж орчин цагийн шүүлтүүрээр дахин орох болно. Нөгөө талдаа буруутгагдаж буй “Эрэл”-ийн Эрдэнэбат хуулийн дагуу шалгагдах боломж бололцоо бүрдэнэ гэж зөвлөсөн.
Би урьд нь 20 сая төгрөгийн хандив цуглуулаад яваад ирсэн хүний хувьд дахин хандив цуглуулахаасаа айсан. Тэгээд хандивын аянаа эхлүүлээд өглөө сэрсэн чинь 38 сая төгрөг цугласан байсан. Одоогоор 60 гаруй сая төгрөг цугласан байгаа. Мөн Террил Атиензагийн ар гэрийнхний ирж очих онгоцны тасалбар, байрлах буудлын зардлыг даасан Д. Мөнх-Эрдэнэ ахад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Цугларсан хандивын мөнгийг ард түмний нүдэн дээр гардуулж өгнө. Нэвтрүүлэг гарснаас хойш Монголын хууль шүүхийн байгууллагаас холбогдоогүй. УЕП-т хүсэлт тавьсан. Террил Атиензагийн ар гэрийнхэн маш богино хугацаанд ирээд буцаж байгаа. Тэр хугацаанд та бүхэн маань саадгүй хүлээж аваад хавтаст хэргийг нь танилцуулах боломж байна уу? гэж асуухад “Бид холбогдох ном журмынх нь дагуу явна. Ямартай ч маргааш албан ёсоор хүсэлтээ тавиад ирэхэд чинь гадаа хүйтэнд зогсоохгүйгээр заал танхим гаргаж өгнө” хэмээн байр сууриа илэрхийлсэнд баяртай байгаа.
Б.БИЛГҮҮН







Нийгэм









