Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүн эрүүлжүүлэгдэж, 34.755 хүн саатуулагдсан ба архины албадан эмчилгээнд 269, сайн дурын эмчилгээнд 301 хүн тус тус хамрагдсан.
Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22.098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 31 өдрийн хооронд “АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ” нэгдэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар (21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалах, 18 насанд хүрээгүй хүнээр ажиллуулах гэх мэт) хүргүүлж, биелэлтийг тооцох чиглэлээр нийт давхардсан тоогоор 358 чиглэлд 716 алба хаагч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 168 чиглэлд 345 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэд Та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
АДМИН








Нийгэм









