Сүүлийн өдрүүдэд нийслэл болон орон нутагт шатахууны дараалал үүсээд буйтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын дарга Ч.Хишигдалайгаас тодрууллаа.
Тэрбээр, “Шатахууны дараалал тодорхой хэмжээнд үүссэн нь үнэн. Гэхдээ маргааш, нөгөөдрөөс энэ асуудал шат дараатайгаар шийдэгдэнэ. Улаанбаатар хотын хувьд импорт, түгээлтийн нөхцөл байдлыг харвал маргааш оройноос хэвийн байдалд шилжих төлөвтэй байна” гэлээ. Монгол Улс өнгөрсөн онд 65 мянган тонн шатахуун хэрэглэж байсан бол долоодугаар сард аймаг, сумдын 100 жилийн ой тохиох үеэр хэрэглээ 75 мянган тоннд хүрч, тухайн үед мөн адил хомсдол үүсэж байсныг онцлов.
Харин энэ оны арванхоёрдугаар сард зөвхөн ОХУ-аас 83 мянган тонн шатахуун авах захиалга өгсөн бөгөөд БНХАУ-аас ч тодорхой хэмжээний нийлүүлэлт хийгдэх аж. “Үйлдвэрийн ачилтын өмнө, хойно дараалал үүсэх тохиолдол байдаг. Арванхоёрдугаар сард багтааж үлдсэн бүтээгдэхүүнээ татан авах шаардлагатай. Ерөнхийдөө үүсээд буй нөхцөл байдал нь түр зуурын шинжтэй” хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Мөн зарим шатахуун түгээх станцуудын хувьд 15 мянган тонн шатахуун буух үед гурван ээлжээр, 8 цагаар тасралтгүй ажиллаж байгаа талаар дурдсан юм. Түгээгчид орлогоороо цалинждаг тул хоорондоо зохицуулалт хийж, өөрсдийн 5 мянган тонн шатахуунаа борлуулсны дараа ээлжээ солилцон дараагийн ажилтнаа хүлээдэг байдал ажиглагдаж байгааг хэллээ. “Ийм ачаалалтай үед аж ахуйн нэгжүүдэд энэ зохицуулалтаа түр хугацаанд өөрчлөх шаардлага тавьсан” гэж АҮЭБЯ-ны Газрын дарга Ч.Хишигдалай мэдэгдлээ.
Б.БИЛГҮҮН








Нийгэм








