Dark Light
Нийгэм | 2025-12-18

КИНО УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сайдын Зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй “Living History” түүхэн киноны хөтөлбөрийн хүрээнд 2025 оны арванхоёрдугаар сарын 15–17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Living History” олон улсын кино форум, “Golden Humo” үндэсний кино шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын яамны дэргэдэх Кино агентлагийн захирал Ш.Ризаевын урилгаар Монгол улсын Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл оролцов. Энэ үеэр хоёр улсын кино урлагийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгүүд хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
“Living History” хөтөлбөр нь 2024 онд Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн санаачилгаар 2024–2030 онд хэрэгжих түүхэн киноны үндэсний стратегийн хөтөлбөр бөгөөд үндэсний бахархлыг нэмэгдүүлэх, түүхэн мэдлэгийг залуу үед таниулж, өвлүүлэн үлдээх, “Гурав дахь сэргэн мандалтын” үзэл санааг дэмжих зорилготой юм.
Уг стратегийн хүрээнд зохион байгуулагдсан “Living History” олон улсын кино форум нь түүхэн сэдэвт уран сайхны, баримтат болон анимейшн киноны үйлдвэрлэлийн чиг хандлага, олон улсын туршлага солилцох, кино урлагийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Форумд ОХУ, Япон, Франц, Турк, Монгол зэрэг 14 орны 40 гаруй албаны төлөөлөл оролцож хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
• Түүхэн сэдэвт уран сайхны кино үйлдвэрлэл, хамтарсан бүтээлийн жишээ
• Түүх болон киноны харилцан хамаарал
• Киноны санхүүжилт, түгээлтийн бодлого
•Түүхийг анимейшн бүтээлээр дамжуулан хүргэх боломж 
Форумын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлал хийх үеэр бүтээгдсэн “Qardoshlar” богино хэмжээний баримтат киног танилцууллаа. Уг бүтээл нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын ард иргэдэд Монгол орны түүх, соёлын үнэт зүйлсийг таниулах зорилготой юм.
Түүнчлэн Кино урлагийн зөвлөлийн төлөөллүүд Монгол Улс 2021 онд “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг баталж, уг хуулийн хүрээнд дотоодын болон гадаадын кино бүтээгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буйг танилцуулсан юм. Үүнд гадаадын кино бүтээгчдэд зориулсан буцаан олголтын хөтөлбөр, хамтарсан кино төслүүдийг дэмжих санхүүжилтийн боломжууд багтаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр улсын кино урлагийн салбар дахь хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлж, хамтарсан кино төсөл, уран бүтээлүүдийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21