Фото зургийг | mpa
Хүйтний улирал эхэлж, айл өрхүүд гал түлж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд яндангийн цэвэрлэгээ, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарахыг иргэдэд сануулж байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, яндан дотор тортог, хөө хуримтлагдсанаар утаа буцаж орж ирэх, улмаар угаартах, яндан дотор гал авалцах эрсдэл нэмэгддэг ажээ. Ялангуяа яндангаа олон жил цэвэрлээгүй, чийгтэй түлш хэрэглэдэг айл өрхүүдэд осол гарах магадлал өндөр байгаа юм.
Иймд иргэдэд:
• яндангаа жилд дор хаяж нэгээс хоёр удаа хөөлөх,
• гал түлэхээс өмнө яндангийн таталтыг шалгах,
• стандартын, хуурай түлш хэрэглэх,
• утаа буцаж орж ирвэл галыг багасгаж, шалтгааныг яаралтай тогтоох
Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?
1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортгийг хийнэ.
3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.
Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?
1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрд нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.
Яндан, зуухны аюулгүй байдалд хайхрамжгүй хандах нь амь нас, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулдаг тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авахыг уриалж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








