Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гаалийн улсын байцаагчийн тангараг сануулах” арга хэмжээг Гаалийн ерөнхий газраас зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон дэргэдэх байгууллагуудын нийт төрийн тусгай албан хаагчид хамрагдав.
Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 4-т зааснаар гаалийн улсын байцаагч нь эрх авахдаа Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэх, хууль, шударга ёсыг дээдлэн ажиллах, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараг өргөдөг бөгөөд уг тангаргаасаа няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ гэж хуульчилсан байдаг.
Энэхүү арга хэмжээний үеэр уг тангаргийг нийт албан хаагчдад дахин сануулж, баталгаанд гарын үсэг зуруулсан төдийгүй “Төрийн албаны зарчим, үнэт зүйл”, гаалийн улсын байцаагчид оногдуулж болох сахилгын шийтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Арга хэмжээний үеэр Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван нийт албан хаагчдад хандан үг хэлэхдээ:
“Тангараг бол зөвхөн хэлж өнгөрөөх үг бус, ард иргэддээ үнэнч шударгаар үйлчлэх, хууль ёсыг дээдлэх, албан үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх амлалт юм. Энэхүү амлалт нь биднээс мэдлэг чадвар, сахилга хариуцлага, ёс зүй, шударга байдлыг өдөр тутам шаарддаг. Иймд хамт олон маань өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийн итгэлийг эрхэмлэн, ажлын амжилт, ёс зүйн үлгэр дуурайллаараа байгууллага хамт олноо манлайлахыг хүсье” хэмээн онцоллоо.
Энэхүү арга хэмжээ нь гаалийн байгууллагын албан хаагчдын хууль ёсыг дээдлэх, ёс зүйн хариуцлагыг бэхжүүлэх, төрийн албаны нэр хүндийг хамгаалах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
|
Эх сурвалж
| Гаалийн Ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм









