Жилдээ 250 гаруй хоног ажилладаг монголчуудын хувьд бүх нийтээрээ 16 хоног амрах нь үнэхээр “ихдэж” байна уу, эсвэл харин ч даруухан тоо юу? Энэ асуултад хариу олохын тулд бусад улс орнуудтай харьцуулж харъя.
“Wikipedia” нэвтэрхий тольд улс орнуудын бүх нийтийн баярын амралтын өдрүүдийг жагсаасан байдаг. Уг мэдээллээс харахад дэлхийн улс орнууд жилд дунджаар 6–42 хоног бүх нийтээрээ амардаг аж. Нийт 89 улсыг хамарсан энэ жагсаалтад Монгол Улс 16 амралтын өдөртэйгээр 65 дугаар байрт бичигджээ.
Сонирхолтой нь, Монголтой ижил тооны буюу 16 хоног бүх нийтээрээ амардаг орнуудын дунд Исланд, Индонез, Япон, Казахстан, Морокко, Пакистан, Тайланд, Танзани зэрэг улс багтдаг. Эдгээр нь соёл, шашин, эдийн засгийн хувьд тэс өөр боловч амралтын өдрийн тоо ижил байгаа нь анхаарал татна.
Харин хамгийн цөөн амралтын өдөртэй орнуудад Вьетнам (6), Мексик (8), Нидерланд (9), Серб (9) багтаж байна. Өөрөөр хэлбэл, зарим улс манайхаас хоёр дахин бага амардаг гэсэн үг.
Нөгөө талд, бүх нийтээрээ 25 болон түүнээс дээш хоног амардаг улсууд ч цөөнгүй. Тухайлбал, Шри Ланка (25), Иран (26), Мьянмар (26), Непал (35), Энэтхэг (40) зэрэг орон жилийн ихээхэн хэсгийг баяр, амралтад зориулдаг байна.
Эдгээр тоонуудыг харьцуулж үзвэл, монголчуудын амралтын өдрүүд “хэтэрхий их” гэхээсээ илүү дэлхийн дунджаас доогуур түвшинд байгааг харуулж байна. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Олон улс үндэсний түүх, шашин, тусгаар тогтнолтой холбоотой онцгой ач холбогдолтой үйл явдлуудаа баяр болгон тэмдэглэж, тэр нь тухайн улсын хамгийн нүсэр, утга агуулгатай баяр болдог жишиг бий.
Тиймээс асуудал нь амралтын өдрийн тоонд бус, харин тэр өдрүүдийг ямар утга учиртайгаар, хэрхэн тэмдэглэж байна вэ гэдэгт оршиж байж мэдэх юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








