Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Ойрын тав хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Ялангуяа 22–23-нд зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул иргэд, тээвэрчид, малчдыг болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.
2025 оны 12-р сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын баруун болон хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зүүн, зүүн аймгуудын баруун, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:
Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6–11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -29…-34 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туулын сав газраар -24…-29 градус, говийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.
Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч -3…-26 градусын хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи 5–10 м/с. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -27…-29, бусад хэсгээр -21…-23, өдөртөө -11…-13 градус хүйтэн.
Багануур орчмоор
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи 5–10 м/с. Шөнөдөө -29…-31, өдөртөө -14…-16 градус.
Тэрэлж орчмоор
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи 5–10 м/с. Шөнөдөө -26…-28, өдөртөө -13…-15 градус.
2025 оны 12-р сарын 23–27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23–24-нд төв, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, мөн Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хэсгээр зарим үед секундэд 13–15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус хүрч, өдөртөө -24…-29 градус хүйтэн байна. Бусад нутгаар ч хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар шөнөдөө -22…-34, өдөртөө -6…-22 градусын хүйтэн үргэлжилнэ.
Анхааруулга:
Цас, цасан шуурга, хүчтэй салхи, эрс хүйтрэлттэй холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байх, мал сүргээ хорогдлоос хамгаалах, дулаан хувцаслахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









