Үндсэн хуульд мөнгөө төлсөн нь амьд явах эрхтэй, мөнгөө төлөөгүй нь амьд явах эрхгүй гэж бичээтэй байдаг юм уу? гэж асуумаар үйл баримт, гэмт хэрэг, гэсгээл шийтгэлийн мэдээ өдөр бүр гарч байна. Үүний нэг нь 25 настай Э.Баярсайхан гэгч согтуурч хөлчүүрхсэн үедээ үерхдэг охиноо гэрийнхээ гадаа машинаар дайрч хүнд гэмтээгээд, эмнэлэг дуудалгүй цаг алдсаны улмаас амийг нь хохироосон хэрэг.
“Түргэн дуудаад өгөөч” гэж 21 настай охин гуйхад нь гэртээ авч ороод, хүнд бэртсэн дээр нь нэмж зодсон этгээдэд хэдэн жилийн ял өгсөн гэж та бодож байна вэ? Гурван жил.
26 настай Э.Баярсайхан ялаа бүтэн эдэлбэл яг 29 настай, магадгүй 1-2 жилийн дараа шоронгоос гарна. Харин машинд нь мөргүүлж, зодуулж, эмнэлгийн тусламж оройтож авсан охин шороонд үүрд булагдсан. 2024 оны 5-р сарын 4-ний үүр шөнөөр мөргүүлсэн охин маргааш нь үдээс хойш эмнэлэгт хүргэгдсэн. Найз нь ирж байж, эмнэлэг дуудаж нэг хоногийн дараа Гэмтэлд хүргэгдсэн.
Хорин нэгхэн настай цэцэг цэврүү шиг цэл залуухан охин 8 удаа хагалгаанд орж, цөс, ходоод, элэг, нойр булчирхайгаа тайруулж, ташаагаа хадуулж өвдөж шаналсаар 20 хоногийн дараа амь насаа алдсан. Охин ухаантай байхдаа согтуу галзуугаар санаатай дайрч мөргөөд, гэртээ хонуулж зодож нүдсэнийг нь ээждээ, авга эгчдээ хэлж амжсан.
Талийгч охин найздаа юу гэж ярьж байсныг Та сонс. Дайрчхаад гэртээ оруулсан, битгий жүжиглэ, маягла гэж агсарч согтуурч, алгадаж зодсон, машиных нь хүрдэн дээр цус болсон тухай ярьж байсныг Та сонслоо.
Элэгний хавдартай байсан аав нь шүүх хурлыг хүлээж амжилгүй, 5 сарын дараа бурхан болсон. Өнөөх Филиппин ядарсан бүсгүйн зүрх, бөөрийг сугалж аваад цогцсыг нь илгээдэг Шүүх шинжилгээнийхэн зүдрүүхэн ар гэртэй охиныг санамсаргүй дайрсан гэж дүгнэсэн. Э.Баярсайхан цагдан хоригдоо ч үгүй явсаар жил хагасын дараа шүүх хурал болж 3 жилийн ял авчээ.
Чимгээ хотод ажил хийж, аав ээждээ, эм тарианы мөнгө залгуулдаг байсан. Японы гэрэл зурагчин Баянчандманьд машин дайруулсан охины тухай “Пүүжээгийн эх орон” баримт кино бүтээж байсан. Тэгвэл өнөөдөр ч Пүүжээгийн эх орон Чимгээгийн эх орон ийм л байна. Гэмгүй ядруу монгол хүний халуун амь, бүлээн цус урссаар, гэсгээн шийтгэх, гэм зэмийг нь оноох эх орных нь хууль ёс хэвээрээ.
Зөгий.мн, “Түс тас мэдээ” зогсолтгүй асуусаар байх болно.
АДМИН








Нийгэм








