Dark Light
Нийгэм | 2025-12-23

ЭМГЭНЭЛ: БАТМӨНХИЙН БОЛД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БАТМӨНХИЙН БОЛД
(1963-2025)
Монголын Сэтгүүлчдийг Нэгдсэн Эвлэлийн гишүүн, сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөл болсон сэтгүүлч Батмөнхийн Болд 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Батмөнхийн Болд нь 1963 онд Улаанбаатар хотод төрж, бага дунд сургуульд суралцаж, 1982-1989 онд тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уралын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм.
Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа 1990 онд Монголын радиогийн сурвалжлагчаар эхэлж, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Ардчилал” сонины сурвалжлагч, тоймч, редактор, албаны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес таймс” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эрхлэгч, “Зохиомж” дээд сургуулийн багшаар ажиллаж, улс төр, эдийн засаг, байгаль орчны сэдвээр мэргэшсэн сэтгүүлч байв.
Улмаар 2018 оноос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албанд эдийн засгийн сурвалжлагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч байлаа.
Б.Болд нь хэвлэл мэдээллийн салбарт нэгэн насныхаа хөдөлмөрийг зориулсан, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай, сэтгүүл зүйн үе үеийнхний хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч байсан бөгөөд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2005 оны “Шилдэг сэтгүүлч”, МҮХАҮТ-ын “Эдийн засгийн оны шилдэг энтрепренер сэтгүүлч”-ээр тодорч, Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтнаар шагнуулж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон зэрэг төрийн дээд одон, медаль хүртэж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн юм.
Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулалцсан тэрбээр клубийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн ажил хөдөлмөр, цаг хугацаагаа харамгүй зориулж ирсэн идэвхтэй гишүүн байсан төдийгүй сүүлийн нэг жил орчмын хугацаанд www.mongold.mn цахим хуудсыг ажиллуулж байлаа.
Б.Болдын эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн нийт гишүүд, дэмжигчид бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21