12 дугаар сарын 23-ны шөнө 22:30 цагийн үед сошиалд 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис: Өчигдөр шөнө 22:30 цагийн үед сошиалд 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаа, дотоодын цэргийн удирдлага хамгийн түрүүнд анхааралдаа авч, дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын хэлтсийн алба хаагч нар, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, СХД-ийн цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу энэ мэдээллийг өгч цагдаагийн хэлтсийн алба хаагч нар ирж шалгалт явуулсан. Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой гэж боддог, бид дүрмийн бус харьцааг зөвшөөрдөггүй. Хараа хяналтаас гадуур хар бүсүүд байдаг. Энэ хар бүсэд энэ асуудал гарж, үнэхээр цочирдсон. Өчигдөр зураг авсан хүнд үнэхээр талархаж байна, ийм мэдээлэл бидэнд хэрэгтэй.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Д.Манлайбаатар: Өчигдөр шөнө 22:30 цагийн үед сошиалд мэдээллийг тавьж биднийг цочирдуулсан. Хугацаат цэргийн алба хааж байгаа хүүхдүүд бидний хүүхдүүдтэй адил учраас цочирдож хүлээж авснаа хэлэх ёстой байх. ЦЕГ, ДЦШ-аас шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан, Хүний эрхийн комисс болон бусад байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Тухайн бичлэгт харсан алба хаагчдыг шүүх эмнэлгийн байгууллагат үзүүлсэн. Эрүүл мэндийн асуудал үүссэн эсэхийг тодорхойлохоор төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ, үзлэгч хамруулж байна. Үлдсэн алба хаагчдыг утсаар яриулж, ар гэрийнхэнтэй нь холбогдуулах арга хэмжээг авч байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу хяналт тавих цахим систем ашигладаг. Тухайлбал манай ангид 70 орчим тооны хяналтын камер байгаа. 62 камер нь дотогшоо чиглэсэн камер 24 цагийн турш ажилладаг. Дурдсан хуулийн заалтад байгаа хувь хүний ариун цэврийн өрөө, ахуйн хэрэглээний өрөө хувь хүний хуулиар хязгаарласан нөхцөлд бид камер хяналтыг байршуулах хуулиар боломжгүй. Болсон асуудал хугацаат цэргийн алба хаагчдын ахуйн хэрэглээний өрөө буюу хувцсаа сольдог, угаадаг өрөөнд болсон. Энэ асуудлыг ил гаргасан иргэдэд баярлаж байгаа, таслан зогсоож, үргэлжлэх ёсгүй, цаашид энэ асуудал дээр хамтарч ажиллахад бэлэн байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








