Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, хүн төвтэй төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран ажиллах, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцох уулзалтыг 12 дугаар сарын 22-ны өдөр хийлээ.
Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон удирдлагын багийн гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид болон комиссын гишүүд оролцож, хүний эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг онцлон ярилцав.
Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд чиглэгдсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад хоёр тал хамтран ажиллах асуудлууд нэлээдгүй байгааг онцолсон бол ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хууль зүйн салбарт хүний эрхийг хангах, хамгаалах асуудлаар онцгойлон анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон батлуулсан зарим хууль, хуулийн төслүүдэд хүний эрхийг бүхий л талаар хангах, хамгаалахад чиглэсэн ямар онцлог зүйл заалтуудыг тусгасан талаарх мэдээллийг өглөө. Тухайлбал,
УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулсан бол мөн УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн шинэ бүлэг нэмж, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх процессыг хүндрэлгүй, богино хугацаанд, хүний эрхэд нийцсэн байдлаар шийдвэрлэхэд чиглэсэн зүйл заалтуудыг нарийвчлан тусгасныг онцлов.
Мөн түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлээд буй Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоо боловсруулагдаж буй Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авлигын эсрэг, Төрийн болон албаны нууцын тухай зэрэг томоохон хуулийн төслүүдэд хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн чухал агуулгуудыг нарийвчлан тусгаж оруулсныг тодотголоо.
Уулзалтын хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон гишүүдийн саналуудыг дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ анхааралдаа авч, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад тодорхой ахиц гарган хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр талууд хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо.
АДМИН








Нийгэм








