Dark Light
Нийгэм | 2026-01-13

ТРОЛЛ: ЦАХИМ ОРЧНЫ ДАЛД ГЭМТ БҮЛЭГЛЭЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Манайд халаасны хулгайч баригдвал зурагтайгаа мэдээнд гарна. Харин нийтийн санаа бодлыг халаасалж, бодлыг нь ухаж, үнэн худлыг нь сольж явдаг тролл гэдэг “мэргэжилтнүүд” бол баригддаггүй. Учир нь тэд хулгай хийдэггүй, худал мэдээлэл үйлдвэрлэдэг. Бас ганцаараа биш зохион байгуулалттай, зорилготой, цалинтай.

Хуульд бол зохион байгуулалттай гэмт бүлэг гэж тодорхой бичээстэй. Гэвч троллуудын тухайд хууль нүдээ аниад, чихээ таглаад, амандаа “үзэл бодлын эрх чөлөө” гэдэг үгийг зажилсаар суудаг. Харин өөрийн үнэт зүйлийн төлөө дуугарсан жирийн иргэнийг бол шалгаад, байцаагаад, хаалган дээрээ суулгачихна. Ингэхэд тролл гэдэг этгээд бодитой оршдог уу гэвэл оршдог. Бид мэднэ. Ярьдаг. Гэхдээ барьсан тухай ганц ч мэдээ харагддаггүй.

Цахим орчны зохицуулалт яригдахаар “ардчилал устах нь” гэсэн дохио дуугарна. Гэхдээ энд нэг нарийн ялгаа бий. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг нь дураараа худал мэдээлэл тарааж, мөнгө авах эрх биш. Терроризмд уриалбал барина, шийтгэнэ. Улсын тусгаар тогтнолд халдвал ял өгнө. Харин санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлбэл хоёр сая төгрөгийн торгууль. Харин нөгөө худал мэдээллээ хэвлэлээр тараалгахын тулд 3–5 сая төгрөг төлчихнө. Ингэхээр аль нь ашигтай бизнес вэ гэдэг асуулт өөрөө хариугаа өгнө.

Троллууд нэг хаягтай, нэг хүн байдаггүй. Тэд VPN-ээр зүсээ хувиргана, нэрээ сольж орж ирнэ, захиалга авна. “Энэ даргыг унагая”, “энэ шийдвэрийг муухай харагдуулъя”, “энэ мэдээллийг няцаагаад өгье” гэх мессежүүд төрийн байгууллагын коридороор чимээгүйхэн явж байдаг тухай бол салбарынхан мэднэ. Олон нийт л мэдэхгүй.

Хамгийн үржил шимтэй хөрс нь хаана вэ гэвэл ил тод биш төр. Албаны нууц гэдэг шошгоор бүхнийг халхалсан орон зайд троллууд ургадаг. Төр мэдээллээ нээх тусам худал мэдээлэлд итгэх хүн цөөрнө. Харин өнөөдөр иргэд төрийн мэдээлэлд итгэхээ больчихсон учраас троллын “үнэн” илүү үнэмшилтэй сонсогдож байна.

Нөгөө талд их сургуулиуд, эрдэмтэн судлаачид байна. Худалдагдах магадлал багатай, нэр төрийнхөө төлөө ажилладаг энэ хэсгийг хөгжүүлбэл троллын амьсгалах агаар өөрөө багасна. Гэвч шинжлэх ухаан, судалгаанд хөрөнгө оруулах сонирхол манайд төдийлөн алга. Тэгэхээр троллтой тэмцэх хамгийн хямд арга бол цензур. Харин хамгийн ухаалаг арга бол итгэл.

Троллын хор хөнөөл бодит жишээгээр харагдсан. Тайширын усан цахилгаан станц баригдахад эсэргүүцэл их байсан. Хэрвээ тэр эсэргүүцэл “зохион байгуулалттай” ялж чадсан бол баруун бүс өнөөдөр лааны гэрэлд суух байлаа. Нэг шийдвэр, нэг худал мэдээлэл, нэг савлагаа эцэстээ улсын хэмжээний эрсдэл.

Өнөөдөр Монгол бол дэлхийн бүх нийтийн сүлжээний задгай талбар. Энд Оросын ч тролл орж ирнэ, Хятадын ч орж ирнэ, Америкийн ч орж ирнэ. Дайн, мөргөлдөөний мэдээлэл цензургүй урсана. Үүнийг ардчилал гэж нэрлэж болно. Гэхдээ ардчиллыг хамгаалах нэрийн дор худал мэдээлэлд бууж өгөх ёсгүй.

Эцэст нь нэг асуулт үлдэнэ. Манай нийгэм троллоосоо айж байна уу, эсвэл троллоо ашиглаж сурсан уу? Хэрвээ төр өөрөө захиалагч нь байсаар байвал тролл гэдэг үг гэмт хэрэг биш, албан бус албан тушаал л болж хувирна. Харин төөрөгдсөн ард түмэн хаашаа л бол хаашаа савласаар.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07