Dark Light
Нийгэм | 2026-05-02

"БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ 84-90 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.02) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцлаа.
Тус төсөл нь Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгалыг хотын гадна талаар шилжүүлэх, тэр дундаа аюултай ачаа тээврийг нийслэлийн бүсээс гаргах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах, мөн Хөшигийн хөндийд байгуулагдах тээвэр, ложистикийн томоохон зангилаа бүсийг төмөр замын сүлжээнд холбох стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн бүтээн байгуулалт юм.
Маршрутын хувьд, уг салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дайран өнгөрч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд хүрч, цаашлан  “Эмээлт” өртөөтэй холбогдохоор төлөвлөгдөж байна. 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Ажлын хэсгийнхэн өнөөдөр 09:00 цагаас “Багахангай” өртөөнөөс ажлаа эхлүүлж, Хөшигийн хөндийд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, цаашлаад “Эмээлт” өртөөтэй холбогдох трассын дагуух ажлын явцтай биечлэн танилцлаа. 
Тодруулбал, “Багахангай” өртөөнөөс Хөшигийн хөндийн ложистикийн төв хүртэлх 87.2 км зам, түүнээс “Эмээлт” өртөө хүртэл үргэлжлэх холболтын хэсгийн ажлуудтай газар дээр нь танилцлаа. 
Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 84-90 хувьтай, доод бүтцийн ажил буюу далан, ухмалын гүйцэтгэл 98 хувьд хүрснийг холбогдох албаныхан хэлж байна. 
Өнөөдөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай” өртөөний өргөтгөл, трассын 38-42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т баригдаж буй төмөр бетон гүүрийн угсралт, авто замтай огтлолцох хэсгүүд болон “Эмээлт” өртөө хүртэлх бүтээн байгуулалтын ажлын явцтай тус тус танилцан холбогдох газруудад чиг үүрэг өглөө. 
Мөн энэ үеэр тус төслийн бүтээн байгуулалтын ажлыг гардан хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, компаниудын удирдлагуудтай уулзан, ажлыг эрчимжүүлэх, аль болох төлөвлөсөн хугацаанаас өмнө төслийн ажлыг чанартай, хариуцлагатай гүйцэтгэх, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажлыг тасралтгүй урагшлуулах, мөн санхүүжилтээс үүдсэн хүндрэл чирэгдэл, ажил гацаах байдал дахин гарахгүй гэдгийг онцлон хэлж, ажил гүйцэтгэгчид тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн юм. 
Тус төслийн хүрээнд “Багахангай” өртөөнөөс цааш нийт 102 км урт дан зам, 2 өртөө, 4 зөрлөг, 2.5 км орчим урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж 24 цагийн горимоор ажиллаж байгааг компаниудын удирдлагууд хэлж байна.
”Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудал, тээвэр ложистикийн шинэ төвтэй холбохоос гадна улсын тээврийн сүлжээний шинэ гарцыг бий болгож, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болохыг Зам, тээврийн сайд онцоллоо.
”Өдрийн төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Эмээлт” өртөө дахь замд УБТЗ-ын Оросын талын удирдлагуудтай уулзаж, “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн холболт, техникийн шийдэл, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.  Талууд төслийн холбогдох зураг төсөл, техникийн шийдлийг  ирэх долоо хоногт хоёр талаас жигдрүүлэн эцэслэж, нэгдсэн шийдэлд хүрч хамтран ажиллахаар  тохиролцлоо.

Эх сурвалж | Зам, тээврийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10