Dark Light
Нийгэм | 2026-01-15

ЗӨВЛӨМЖИД ТУСГАГДСАН 45 САНАЛ ОГТ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд, Х.Мөнхзул нар Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж, хүний эрхийн хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. 
Уулзалтаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай. Илтгэлийн мөрөөр 2022–2025 онд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 54 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлснээс 37 нь УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35, 2024 оны 37, 2025 оны 77 дугаар тогтоолд тусгагдсан байна. Гэсэн хэдий ч эдгээр зөвлөмжийн дийлэнх нь буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт, шинэ зохицуулалт хийх талаар тусгагдсан 45 санал огт хэрэгжээгүй байна.
Тухайлбал, Гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирол нөхөн төлүүлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх тухай, Агаар, ус, хөрсний бохирдлын эсрэг хууль тогтоомж, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөө, Төрийн бус байгууллагын тухай зэрэг хууль тогтоомжийг батлуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.  
Мөн төрийн байгууллага, албан тушаалтнууд хүний эрхийг хангах, хамгаалах талаар тогтмол ярьдаг боловч бодит ажил, бодит үр дүн хангалтгүй, байгууллага, институт хоорондын уялдаа холбоо сул, төсөв, санхүүгийн болон бусад шалтгааны улмаас хууль тогтоомжийн хэрэгжилт дутмаг, аргацаасан шинжтэй байгааг залруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол, Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байгаа эсэхтэй уялдуулах шаардлагатайг хэллээ. 
Үүнтэй холбогдуулан Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Комиссын мандат, хараат бус байдлыг бэхжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрх хамгаалагч, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чиг үүргийг үндсэн хуультай нийцүүлэх шаардлагын талаар танилцуулав. Үүний зэрэгцээ хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн тэгш байдал, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хиймэл оюун ухаан, цахим хөгжилтэй холбоотой хүний эрхийн асуудлыг онцлон хөндлөө. 
Энэ хүрээнд УИХ-д өргөн мэдүүлж буй хууль, тогтоомжуудад Хүний эрхийн үндэсний комиссын саналыг заавал тусгаж, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг бодитоор тооцох, улмаар хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга онцлон хэлэв. 

Эх сурвалж | ХЭҮК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07