Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2026 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль сайд Б.Энхбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.
Тус арга хэмжээг нээж, Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүн барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, түүгээр багш, эмч, төрийн тусгай албан хаагч тэр дундаа цагдаагийн албан хаагчдыг орон сууцтай болгох бодлого баримталж буйгаа онцоллоо. Иймд баялгийн хулгайтай тэмцэхэд цагдаагийн байгууллага манлайлж, идэвх зүтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан хаагчдын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэв.
Түүнчлэн цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцэх ажлыг шинэ шатанд гарган, бүтэц орон тоог өргөжүүлэх, нийгмийг хэв журмыг хангахад орчин үеийн дэвшилтэт технологи, дата өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашиглан олон нийтийн оролцоонд суурилж, иргэдийн эрхийг хамгаалж, учирсан хохирлыг шуурхай барагдуулах шаардлагатайг тодотголоо.
Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын уялдаа холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, өнгөрсөн оны ажлаа дүгнэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, 2026 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтыг тодорхойлох зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг юм.
АДМИН







Нийгэм







