“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаан 29 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Уралдааныг Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам дэмжиж, хамтран ажиллалаа.
Шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрд тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагнал гардуулав.
Энэ жилийн уралдаанд нийт 8 ангилалд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүд, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн бөгөөд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудаас хамгийн олон хүн оролцсон байна.
Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад настан Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир нар, хамгийн бяцхан оролцогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1 “а” ангийн сурагч 6 настай Д.Амина байлаа.
Монголын Уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал нийтэд толилуулна.
АДМИН







Нийгэм







