Dark Light
Нийгэм | 2026-01-16

50 САЯ ШОО МЕТР УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЖ, ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сангийн дэд сайд Б.Хулангаар ахлуулсан Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд шинээр байгуулж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллав.
Дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинээр байгуулж буй Баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй тус үйлдвэрийн бүтээн байгуулалт бүрэн дууссан бөгөөд Удирдах зөвлөлийн даргаас үйлдвэрийг дулааны төвлөрсөн сүлжээнд холбоход шаардлагатай ажлыг Эрчим хүчний яам, Нийслэлийн зүгээс шуурхай зохион байгуулж, туршилт тохируулгыг төлөвлөсөн ёсоор гүйцэтгэн, Компакт гэрээний хугацаанд ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөхөөр болов.
Мөн энэ үеэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт тохируулгад шаардлагатай химийн бодисыг татвараас чөлөөлөх, шугам хоолойн ажлыг дуусгахад шаардлагатай зөвшөөрлийг Нийслэлийн холбогдох газраас шуурхай гаргах зэрэг асуудлыг холбогдох талуудтай зөвлөлдөн шийдвэрлэлээ.
Усны Компактын хүрээнд байгуулж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил мөн бүрэн дууссан бөгөөд 2025 оны 11 дүгээр сараас эхлэн шинэ Төв цэвэрлэх байгууламжаас ус хүлээн авч, туршилт тохируулгын ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна.
Тус үйлдвэрийн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд чухал нөлөө бүхий аж үйлдвэрийн хаягдал усны чанар, урьдчилан цэвэрлэх байгууламжийн асуудлаар Удирдах зөвлөлийн гишүүд санал солилцож, Дэд сайд Б.Хулан холбогдох талуудтай уялдаа холбоотой ажиллан, Компактын хэрэгжилтийн хугацаанд санхүүгийн болон техникийн бодит шийдлүүдийг тодорхойлж, цаг алдахгүй хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Улмаар Удирдах зөвлөлийн зүгээс төсөл хөтөлбөрийг хугацаанд нь буюу 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор амжилттай хэрэгжүүлж дуусгахад анхаарч, тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07