Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөг хураан авч, Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж байна.
Тодруулбал, Б.Насантогтох нь Эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид хууль бус давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн уул уурхайн компанийн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хууль бусаар баталсан нь ил болсон байна. Үүний дараа уг компанитай эхнэрийнхээ үүсгэн байгуулсан компанийн нэр дээр 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, хөнгөн цагаан болон ган хоолой нийлүүлэх замаар улсын мөнгийг завшсан байж болзошгүй байгаа аж.
Одоогоор АТГ-аас дээрх хэрэгт холбогдох баримт материалуудыг цуглуулж, санхүүгийн болон албан тушаалын ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байна. Хэргийн шалгалтын явц, эцсийн дүгнэлтийг хууль, хяналтын байгууллагаас олон нийтэд мэдээлэх юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







