Интерполын улаан зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг ОХУ-аас албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Тодруулбал, тус этгээд нь 2016 он хүртэл хугацаанд бусдаас их хэмжээний буюу 2.4 тэрбум төгрөгийг залилан авсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд улмаар хуурамч бичиг баримт ашиглан гадаад улсад хууль бусаар 10 орчим жил орогнож байсан аж. Түүнийг Интерполын улаан болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулсан байна.
Үүний дараа Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр амжилттай гүйцэтгэж, уг этгээдийг Монгол Улсад авчирсан бөгөөд “Зөвшөөрөл олгосон тул яг энэ цаг мөчөөс эхлэн таныг 48 цагийн хугацаатайгаар сэжигтнээр баривчилж байна” хэмээн хуульд заасны дагуу мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах алба, Интерполын Үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчоо хамтран зохион байгуулжээ. Одоогоор уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






