Dark Light
Нийгэм | 2026-01-18

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ДОХИО ӨГСӨН ИНДОНЕЗ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Индонезийн Засгийн газар энэ онд нүүрсний олборлолтоо 600 сая тоннд хүргэж, өмнөх оныхоос ойролцоогоор 200 сая тонноор бууруулахаар төлөвлөж байгааг тус улсын эрчим хүчний сайд албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн нүүрсний зах зээл дэх үнийн уналтад нөлөөлж буй илүүдэл нийлүүлэлтийг багасгах зорилготой юм.

Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 1.5 тэрбум тонн нүүрс арилжаалагддаг бөгөөд үүний 500 сая тонныг Индонез улс дангаараа экспортолдог. Энэ нь дэлхийн нийт экспортын бараг гуравны нэгийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Ийм их хэмжээний нийлүүлэлт нь Индонезийг дэлхийн нүүрсний үнийн түвшинд шууд нөлөөлөх хүчин зүйл болгож ирсэн. Засгийн газрын зүгээс одоогийн үнийн уналтад тус улсын экспорт чухал нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч, олборлолт болон экспортын хэмжээг эрс багасгах бодлого барьж эхэлжээ.

Нүүрсний олборлолт буурна гэдэг нь зах зээл дээрх нийлүүлэлт хумигдаж, улмаар үнийн түвшин өсөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Индонезийн гол зорилго нь дэлхийн нүүрсний үнийг тогтворжуулахад оршиж байна. Тус улс нүүрснээс ихээхэн хамааралтай эдийн засагтай бөгөөд олборлолт гүнзгийрэх тусам нэгж тонн нүүрс гаргах өртөг нэмэгдэж, экспортын үнэтэй ойртож буй нь эдийн засгийн хувьд ашиггүй нөхцөл үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэг тонн нүүрсийг 50 ам.доллараар олборлож, ижил үнээр экспортолж байсан загвар үр ашиггүй болж, ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.

Энэ өөрчлөлт нь дэлхийн зах зээлд, тэр дундаа нүүрсний томоохон хэрэглэгч орнуудын хувьд тодорхой нөлөө үзүүлэхээр байна. Хятад улс жилд 500 гаруй сая тонн эрчим хүчний нүүрсийг импортоор авдаг бөгөөд Индонезийн олборлолт 200 сая тонноор буурвал импортын зах зээлд томоохон хоосон орон зай үүсэх магадлалтай. Хятад улс жилд нийтдээ дөрвөн тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэж, үүний дийлэнхийг дотоодоосоо олборлодог ч үнийн уналт тэдний нүүрсний салбарт ч хүндрэл учруулж байгаа аж. Иймээс орон нутгийн уурхайнууд үнээ өсгөх чиглэлд анхаарч эхэлсэн талаар мэдээлж байна.

Нүүрсний зах зээлийн энэ хүндрэл зөвхөн Индонезоор хязгаарлагдахгүй. Орос улс ч мөн асар их хэмжээний нүүрс экспортолдог бөгөөд сүүлийн жилүүдэд томоохон нүүрсний компаниуд нь дампуурах эрсдэлд орсон. Үүнийг даван туулахын тулд Оросын төрөөс хүүгүй зээл, татаас зэрэг дэмжлэг үзүүлсэн ч салбарын байдал хүнд хэвээр байна. Учир нь нүүрсний салбар нь зөвхөн валютын орлогоос гадна олон мянган хүний амьжиргаа, орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.

Ийм нөхцөлд зарим шинжээчид Монгол Улс энэ байдлыг соргогоор ашиглах шаардлагатайг онцолж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан үед салбарыг зөнд нь орхих бус, тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэгийн бодлогоор зөв чиглэлд залах нь чухал гэж үзэж байна. Коксжих нүүрсний үнэ эрчим хүчний нүүрснээс өндөр байдаг тул Индонезийн бодлого манай коксжих нүүрсэнд шууд, хүчтэй нөлөө үзүүлэхгүй байж болох ч зах зээлийн ерөнхий чиг хандлагад анхааралтай хандах шаардлагатай хэвээр байна.

Ерөнхийдөө Орос, Индонез, Австрали, Хятад зэрэг нүүрсний томоохон үйлдвэрлэгч орнуудын нөхцөл байдлыг харвал сүүлийн жилүүдэд нүүрсний хэт хямд үнэ салбаруудыг дампууралд хүргэж байгаа нь тодорхой болжээ. Тиймээс олборлолт багасахын хэрээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ аяндаа өсөх хандлагатай гэж үзэж байгаа бөгөөд Индонезийн гаргасан энэхүү шийдвэр нь үүний тод жишээ болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07