Хүний үйл ажиллагаа дэлхийн температурыг нэмэгдүүлж, хүн төрөлхтөн болон байгальд ноцтой аюул учруулж байна. Ирэх хэдэн арван жилд байдал улам дордох төлөвтэй ч эрдэмтдийн үзэж буйгаар яаралтай арга хэмжээ авбал уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах боломжтой.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхийн дундаж температур болон цаг агаарын нөхцөл урт хугацаанд өөрчлөгдөхийг хэлнэ. Сүүлийн 100 орчим жилийн хугацаанд дэлхий маш хурдан дулаарсан бөгөөд үүний улмаас цаг агаар өөрчлөгдөж байна.
“1980-аад оноос хойш арван жил тутам өмнөхөөсөө илүү дулаан болж байна” гэж Их Британийн Цаг уурын алба мэдээлжээ. 2024 он нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн халуун жил болсон бөгөөд үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт байжээ.
Бид уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн үүсгэдэг вэ?
Дэлхийн уур амьсгал байгалийн жамаар өөрчлөгдөж ирсэн. Гэвч НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-ийн үзэж буйгаар сүүлийн зуун жилд ажиглагдаж буй маш хурдацтай явагдаж буй дэлхийн дулаарал нь байгалийн жам биш. Энэ нь хүний үйл ажиллагаанаас, ялангуяа айл өрх, үйлдвэр, тээврийн салбарт нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлшийг өргөн хэрэглэснээс үүдэлтэй.
Чулуужсан түлшийг шатаахад хүлэмжийн хий, голчлон нүүрсхүчлийн хий (CO₂) ялгардаг.
Энэхүү CO₂ нь дэлхийн гадаргын ойролцоо бүрхүүл үүсгэж дулааныг барьж үлдээдэг байна.
Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш (хүмүүс чулуужсан түлшийг их хэмжээгээр ашиглаж эхэлсэн үеэс) агаар мандал дахь CO₂-ийн хэмжээ 50 гаруй хувиар өссөн юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө:
- Хэт халалт, их хэмжээний бороо зэрэг эрс тэс цаг агаарын үзэгдэл илүү ойр ойрхон болох
- Мөсөн голууд болон мөсөн бүрхүүлүүд хурдан хайлж, далайн түвшин нэмэгдэх
- Арктикийн тэнгисийн мөс багасах
- Далай тэнгис дулаарч, илүү хүчтэй шуургыг өдөөх, далайн амьдралд сөргөөр нөлөөлөх
Эдгээр өөрчлөлт нь дэлхийн олон оронд хүмүүс болон эдийн засагт ноцтой үр дагавар авчирч байна.
Жишээлбэл, 2025 оны нэгдүгээр сард болсон Лос-Анжелесын түймрийн хохирол 100 тэрбум ам.доллароос давж болзошгүй гэж зарим тооцоололд дурдсан байдаг. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гамшгуудын нэг юм.

Олон хүчин зүйл нөлөөлсөн ч Дэлхийн цаг агаарын нөлөөллийг тодорхойлох бүлэг (WWA)-ийн эрдэмтдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлт нь түймэр дэгдэхэд нөлөөлсөн халуун, хуурай нөхцөл үүсэх магадлалыг нэмэгдүүлжээ.
2022 онд Зүүн Африкийн зарим бүс нутаг 40 жилийн хамгийн хүнд ган гачигт нэрвэгдэж, 20 сая гаруй хүнийг өлсгөлөнд өртөх эрсдэлд оруулсан.
WWA-ийн мэдээлснээр уур амьсгалын өөрчлөлт ийм ган гачиг үүсэх магадлалыг 100 дахин нэмэгдүүлсэн байна.
Ирээдүйд уур амьсгалын өөрчлөлт дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ?
Дэлхий илүү дулаарах тусам уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө улам дордоно.
2015 оны Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд 200 улс дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5°C-аас хэтрүүлэхгүй байхыг зорихоо амласан.
1.5°C-ийн дулаарал ч олон хүн амд ноцтой үр дагавар авчирна. Үүнд:
- Илүү олон хүн хэт халуунд өртөх
- Мөсөн гол, мөсөн бүрхүүл хайлснаар далайн түвшин илүү их нэмэгдэх
- Цаг агаарын эрс тэс үзэгдлээс шалтгаалж зарим бүс нутагт хүнсний аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэх
- Уур амьсгалд мэдрэмтгий өвчин тархах магадлал өсөх
- Илүү олон амьтан, ургамлын зүйл устах аюулд орох
- Бараг бүх шүрэн арлууд устах
Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж байна вэ?
Дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг аль болох багасгаж, үлдсэн ялгарлыг агаар мандлаас арилгах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины өсөлт зэрэг зарим салбарт ахиц гарч байгаа ч хүн төрөлхтний нүүрсхүчлийн хийн ялгаруулалт одоог хүртэл дээд хэмжээндээ байна.
Дэлхийн удирдагчид жил бүр уур амьсгалын асуудлаар уулзалт зохион байгуулдаг.
2025 оны COP30 уулзалт чулуужсан түлш, ой мод устгалын талаар шинэ тохиролцоогүйгээр өндөрлөсөн. 2023 оны COP28 дээр улс орнууд түлшнээс татгалзах шаардлагатайг хэлэлцсэн байдаг.
Дараагийн уулзалт COP31 нь 2026 оны 11-р сард Турк улсад болох юм.
Хувь хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ?
Гол өөрчлөлтийг засгийн газар, бизнесүүд хийх ёстой ч хувь хүмүүс дараах байдлаар хувь нэмэр оруулж чадна:
- Эрчим хүчний хэрэглээгээ бууруулах
- Орон сууцныхаа дулаалга, эрчим хүчний үр ашгийг сайжруулах
- Цахилгаан машин хэрэглэх эсвэл машинаас татгалзах
- Нүүрс ашигладаг халаалтыг цахилгаан системээр солих
- Махны хэрэглээгээ багасгах
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








