Цахим орчинд хуурамч хаяг нээн, иргэдийг удаа дараа залилсан хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, иргэн Б.Л, Ш.Ш нар нь “Sporty.mng”, “Zayaahan”, “Azzy des”, “Selenge Seke”, “Suni S Boutique”, “Good chois”, “mnm334455” зэрэг цахим хаягуудыг үүсгэн “эд зүйл, бараа материал худалдана”, “хүргэлтээр үйлчилнэ” гэх агуулгатай зар мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, иргэдийг төөрөгдүүлэн олон удаагийн залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Уг үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан бөгөөд нийслэлийн прокурорын газраас тэднийг их хэмжээний хохирол учруулан залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.
Ингэснээр уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








