Японы Айчи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026” Азийн пара спортын тавдугаар наадамаас Монголын баг тамирчид нэгэн түүхэн амжилтын эзэд боллоо. Байт харвааны рекурв (recurve) эмэгтэй хосын ангилалд Монгол Улсын баг хүрэл медалийн төлөө Ираны багийг 6:2-ын харьцаатайгаар илүүрхэн хожиж, медалийн тавцанд зогслоо.
Энэхүү ялалт нь Монголын байт харвааны спортын түүхэнд Азийн пара наадмын багийн төрлөөс хүртэж буй анхны медаль гэдгээрээ алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байна. Мөн энэ нь манай улсын баг тамирчдын тус наадмаас авч буй 8 дахь медаль, 2 дахь хүрэл медаль боллоо.

Хоёр улсын багийн бүрэлдэхүүн:
-
Монгол Улсын баг: Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Буянжаргалын Оюун-Эрдэнэ болон ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нарын чадварлаг, туршлагатай тамирчид.
-
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын баг: Урьдчилсан шатанд өндөр оноо авсан шилдэг харваач Сомае Рахими (Somayeh Rahimi) болон Мохадесе Бабахабиб (Mohadeseh Babahabib) нарын бүрэлдэхүүнтэйгээр харвасан байна.

Манай эмэгтэй хос тэмцээний чансаа болон оноогоороо эхний даваанд гоц мөргөж, шууд хоёрдугаар шатанд шалгарсан юм. Улмаар хоёрын даваанд Азийн хүчирхэг өрсөлдөгч болох Индонезийн багийг тактикийн давуу байдлаар ялж, хагас шигшээд үлдсэн.
Хагас шигшээ харваанд дэлхийн шилдгүүдээс бүрдсэн хүчирхэг БНХАУ-ын багтай ширүүн өрсөлдөж ялагдсанаар, хүрэл медалийн төлөө Ираны багтай тунаж үлдсэн юм. Хүрэл медалийн төлөөх хариуцлагатай харваанд манай ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, сум бүрээ байны төвд нягт чиглүүлж байсны үр дүнд Ираны шилдгүүдийг 6-2 гэсэн итгэл төгс харьцаагаар буулган авч, Азийн пара наадмын медалийн түүхээ шинэчиллээ.
Дэлхийн тавцанд байт харвааны төрлөөр үргэлж дээгүүр бичигддэг Ираны багийн эсрэг ийм давамгай тоглолт үзүүлж хүрэл медаль хүртсэн Монголын пара байт харвааны баг тамирчиддаа болон дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэе!
ТАТАР МАЙДАР






Спорт



