Аймгийн засаг дарга нарын уулзалтаар амьдралд нийцдэггүй, өөрөө өөрсдийгөө элдэв хүнд суртал, хууль журмаар хохироодгийн бодит жишээг олноор нь хөндөгдлөө. Хувь хүн, хувийн компани үйлдвэрийнх нь үнээр сүү, гурил, жимс ногоо авдаг бол төр сурагчдын үдийн хоолны хүнсийг тендерийн хуулиар өөр газраас авдаг.
Гурилын үйлдвэр нь төрийн тендерийн хүнд суртал, бичиг цааснаас төвөгшөөгөөд гурилын тендерт орохгүй. Үндэсний үйлдвэрлэгч биш цүнх барьсан тендерчин ганц хоёр утас цохиод, сургууль руу зөөлгөөд, дундаас нь үнэ нэмж, ашиг олж, татвар төлөгч Та бид бүгдээрээ торгуулдаг. Гурилын үйлдвэрүүд нь оролцоогүй гурилын тендерийг гурилдах боломж тендерийн тэнэг хуулиас болдог юм байна. Үйлдвэрээс нь чөлөөтэй борлуулж байгаа баталгаатай сүүг үйлдвэрээс нь очоод авч болохгүй байх нь худалдан авалтын хуулийн амин сүнс. Эцсийн дүнд хүүхдүүд үйлдвэрийн баталгаагүй сүү шахуулна, эрүүл мэндээрээ хохирно, ээж аав нь уурлаж дургүйцээд нэмэргүй. Эмнэлэг, цагдаа, Онцгой байдалд унаа тэрэг авахад жишээ нь албан ёсны эрхтэй Тоёотагийн борлуулагчид төрийн худалдан авалтын хүнд суртал, хэл амнаас болоод оролцдоггүй. Эсвэл төрийн уул уурхайн тендерт Комацу, Катерпиллар гэх мэт илүү үнэтэй ч эвдрэл гэмтэл багатай, илүү бүтээмжтэй, засвар үйлчилгээтэй машин механизмууд биш хэл хугарам нэртэй нь хямд үнээр ялдаг. Монгол бол хүнд суртал, хууль журмаар өөрөө өөрийгөө чөдөрлөж тушдаг орон. Төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлж чөлөөлөхгүй бол Монголдоо сайхан амьдарцгаая гэдэг сонгуулийн 4 жил тутмын худлаагаа үнэн ярьдаг, үнэнээсээ худлаа ярьдаг хоосон шоу л болно.
АДМИН








Нийгэм







