АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг өөрийн мэдэлд авах саналд нь эсэргүүцсэн Европын найман улсад шинэ татвар ногдуулна гэж анхааруулсны дараа алт, мөнгөний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, хувьцааны үнэ буурлаа.
Алтны үнэ нэг унц буюу 31.1 грамм нь 4,689.39 ам.доллар, мөнгөний үнэ 94.08 ам.долларт хүрч өссөн байна.
Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэх үед алт, мөнгө зэрэг үнэт металлыг “аюулгүй хөрөнгө” гэж үздэг тул сүүлийн нэг жилийн хугацаанд үнэ нь эрчимтэй өсөөд байгаа юм.
Өнгөрсөн жил алтны үнэ 60 гаруй хувиар өссөн нь дэлхийн хурцадмал байдал, эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбоотой. Үүнээс гадна хүүгийн түвшин буурна гэсэн хүлээлт, төв банкнууд алтны нөөцөө хэдэн зуун тонноор нэмэгдүүлж, мөн Хятад улс мөнгөний экспортод хязгаарлалт тогтоосон нь үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Санхүү болон аж үйлдвэрийн салбарын хувьцаа буурсан ч алт олборлогч компаниудын хувьцаа өссөн байна. Европ даяар автомашин үйлдвэрлэгчид, технологи болон тансаг хэрэглээний брэндүүдийн хувьцаа огцом унав. Германд DAX индекс 1.3%-иар буурч, BMW, Mercedes-Benz, Volkswagen компанийн хувьцаа 2–3%-иар буурчээ.
Трамп “Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд зэрэг орнуудаас импортлох бараанд 2-р сарын 1-нээс эхлэн 10%-ийн татвар ногдуулна. Энэ нь цаашид 25% хүртэл нэмэгдэж магадгүй. Гринландтай холбоотой тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдсэн. Зарим мэдээллээр Европын Холбоо АНУ-ын импортын бараанд 93 тэрбум еврогийн татварын хариу арга хэмжээ авахыг хэлэлцэж байгаа юм.
Олон улсын валютын сангийн (ОУВС) тайланд худалдааны хурцадмал байдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд учрах гол эрсдэлүүдийн нэг гэж дурдсан байна.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








