СӨБ болон ЕБС-ийн багш, ажилтнуудын цалин 50 хувиар нэмэгдлээ
Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) болон ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн багш, ажилтнуудын цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дунджаар 50 хувиар нэмэгдэж байна. Ингэснээр боловсролын салбарт ажиллагсдын орлого бодитоор өсөж, багшийн мэргэжлийн үнэлэмж, нийгмийн баталгаа сайжрах нөхцөл бүрдэж байна.
Цалингийн шинэчлэлийг шинэ багш болон 20-иос дээш жил ажилласан туршлагатай багшийн жишээгээр танилцуулж байна.
Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)
ЕБС-ийн шинэ багш 2025 оны нэгдүгээр сард 1,484,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан бол 2026 оны нэгдүгээр сараас 2,226,000 төгрөг болж нэмэгдэнэ. Харин 20-иос дээш жил ажилласан багш мөн адил 2,226,000 төгрөгийн үндсэн цалин авна.
Үндсэн цалин дээр төрийн алба хаасан хугацаа, мэргэжлийн зэрэг, орон нутгийн (аймаг, сум) нэмэгдэл, илүү цаг, анги даалт, кабинетийн нэмэгдэл зэргийг нэмж олгоно. Ингэснээр:
-
Нийслэлд ажиллаж буй багшийн нийт цалин 1.9–3.5 сая төгрөг,
-
Аймагт 2.2–3.8 сая төгрөг,
-
Суманд 2.5–4.1 сая төгрөг хүрэх боломжтой байна.
Гүйцэтгэлийн үнэлгээний нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн сумын багшийн боломжит хамгийн өндөр цалин 4.7 сая төгрөгт хүрч байна.
Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)
СӨБ-ийн шинэ багш 2025 онд 1,559,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан бол 2026 оноос 2,338,500 төгрөг болж өснө. Туршлагатай багш мөн ижил хэмжээнд үндсэн цалин авна.
Нэмэгдэл хөлс, орон нутгийн болон илүү цагийн урамшууллыг тооцвол:
-
Нийслэлд 1.8–3.3 сая төгрөг,
-
Аймагт 2.1–3.6 сая төгрөг,
-
Суманд 2.4–3.9 сая төгрөгийн нийт цалин авах боломж бүрдэж байна.
Суманд ажиллаж, гүйцэтгэлийн үнэлгээний нэгдүгээр түвшинд хүрсэн СӨБ-ийн багшийн хамгийн өндөр боломжит цалин 4.5 сая төгрөгт хүрэхээр байна.
Ур чадварын нэмэгдлийн шинэ журам
Мөн багш нарт олгодог ур чадварын нэмэгдлийн журмыг шинэчилж, төрөлжсөн олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан багшид нэмэгдэл олгодог болохоор зохицуулжээ. Ингэснээр багшийн мэргэжлийн хөгжлийг бодитоор дэмжих, ур чадвар, бүтээмжид суурилсан урамшууллын тогтолцоо бүрдэх юм.
Цалингийн энэхүү нэмэгдэл нь боловсролын салбарт тогтвортой ажиллах хүний нөөцийг хадгалах, залуу багш нарыг дэмжих, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
|
Эх сурвалж
| БОЛОВСРОЛЫН ЯАМ
|
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








