Өглөө бүр нэгэн ижил. 80 саяын автобусанд монголын нийгэм, хотын бүх стресс бүхлээрээ чихцэлдэн цугларсан мэт санагдана. Түгжрэлд гацсан зам, саарал утаанд дарагдсан тэнгэр, бодлогошрон суух хүмүүсийн харцнаас нийгэм нэвт уншигдана. Ажлын цаг дөхөж хэн хүнгүй яарч, бухимдаж, амьдралаа арайхийн дөнгөн данган авч яваа нь илт, өөр өөрсдийн асуудалд дарагджээ. Заримдаа бүр “төрийн төлөө оготно боож үхнэ гэгч л болж байна даа” гэх бодол ч өөрийн эрхгүй төрнө. Ийм их стресс дунд амьдраад байгаадаа ч гайхмаар. Дөнгөж их сургуулиа төгсөөд ажилд орж, амьдралын их далайд хөл тавьсан надад амьдрал ингэж л ядраадаг юм болов уу гэх бодол санаашрал толгойд хадаастай.
Автобус хөдөлж эхлэхэд хэн ч хэн рүүгээ харах сөхөөгүй. Утас ширтэж, цонхоор гөлөрч, дотроо л бухимдлаа тээцгээнэ. Миний хажууд сууж явсан жаахан охин над руу харж, зөөлөн инээмсэглэв. Ямар ч шалтгаангүй, ашиг сонирхолгүй нэгэн чин сэтгэлийн инээмсэглэл. Тэрхүү инээмсэглэлд ямар ч дүр эсгэлт, ямар ч бодол, ямар ч айдас үгүй аж. Тэр мөчид автобусны доторх агаар хүртэл өөрчлөгдөх шиг. Утаа, түгжрэл, цалин, татвар, төр засаг гээд толгой дотор эргэлдэж байсан бүх хүнд бодлууд түрхэн зуур намжив. Хүүхдийн инээмсэглэл гэдэг ийм л хүчтэй. Юу ч нэхэхгүй, юу ч буруутгахгүй, зүгээр л “бүх зүйл муу биш шүү” гэж шивнэж байгаа мэт.
Томчууд бид нийгмээс үргэлж бурууг хайгаад сурчихсан ч юм шиг. Засаг, төр, зам, утаа гээд гомдоллох зүйл мундахгүй. Мэдээж эдгээр асуудал бодит, хүнд. Танихгүй хүний инээмсэглэл, автобусанд суудал тавьж өгсөн залуу, “баярлалаа” гэж хэлсэн намуухан дуу нийгмийг гэгээрүүлнэ гэж том дуугарахгүй ч, нэг хүний өдрийг гэрэлтүүлэх хүчтэй. Энэ их стресстэй нийгмийн дунд өсөж байгаа хүүхдүүд инээмсэглэж, бусдад гэрэл түгээж байгаа нь юутай сайхан гэх бодол зурвас бодогдоно. Магадгүй тэдэнд биднээс илүү ухаан байгаа ч юм бил үү. Тэд маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байна гэж итгэж чаддаг. Харин бид итгэхээ больчихсон. Аливаа зүйлс хар бараан руу тэмүүлэх тусам улам л хар бараан болохгүй юу?
Хүүхдийн инээмсэглэл бол хамгийн энгийн мөртөө хамгийн том ирээдүйн найдвар юм. Хэрвээ энэ нийгэм үнэхээр сүйрч байсан бол, хэрвээ бүх зүйл үнэхээр утгагүй байсан бол тийм цэвэр, үнэн инээмсэглэл энд байх ч үгүй байх. Гэтэл тэр инээд автобусанд, утаатай хотын дунд, ядарсан хүмүүсийн дунд байна. Зарим буурай улс орнуудын хүүхдүүдийн харц нэг л гунигтай ондоо байдгийг та анзаарч байсан уу?
Магадгүй аз жаргал гэдэг том байшин, өндөр цалин, эсвэл асуудалгүй нийгэм биш ч байж мэднэ. Харин энэ бүх хүнд нөхцөлд ч хүн хүнээ хүн шиг харж, нэг инээмсэглэлээр тайвшруулж чаддаг тэр мөчүүд юм болов уу. Мөн өглөөний автобусанд таарсан нэг хүүхдийн инээмсэглэл шиг, ганцхан агшин л байж мэднэ. Тэрхүү агшныг олж харж чадвал, энэ хот, энэ нийгэм, энэ амьдрал тийм ч муу биш юм шиг санагдана.
Тэр охин маргааш дахиад л автобусанд сууж, утаагаар амьсгалж, бидний бүтээсэн нийгэмд өснө. Гэтэл өнөөдөр тэр нүүрэндээ гэрэл цацруулж, инээж байгаа нь бидний ирээдүй гэрэлтэй байгааг сануулж байгаа мэт. Нийгмээ харааж зүхэхийн оронд жаахан ч гэсэн хүн чанараа хадгалж ахиад нэг хичээгээд үзээрэй.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






