“AURA Handmade Candle” гар урлалын бизнес эрхэлдэг бага ангийн сурагч М.Есөн-Эрдэнэ, М.Нандин-Эрдэнэ нартай ярилцлаа.
Намайг Есөн-Эрдэнэ гэдэг. Одоо Би 10 настай, 5-р ангид сурдаг. Намайг Нандин-Эрдэнэ гэдэг. Би 8 настай, 3-р ангид сурдаг.
-Хэзээнээс лаа хийж эхэлсэн бэ?
М.Есөн-Эрдэнэ:
-2025 оны 11 сард лаа хийж эхэлсэн. Тэгээд ийм гоё лаанууд хийж сурсан. Бид хоёрын мөрөөдөл бол бүр том дэлгүүр болгоод, бизнес болгоё гэж бодож байгаа. Бид хоёр лаагаа зарж ээж, аавдаа нэмэр болж байгаа. Бид хоёр бас гипсэн урлал хийдэг. Гипс чулуу шиг хатуу. 700 грамм гипсэн дээр 300 грамм ус хийхээр жижиг хэмжээний 3 ширхэг бүтээл гардаг. Хийсэн гипсэн дээрээ лаа хийгээд асааж болно, гаднахыг нь будаж ч болдог.
-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Манай ээж хайлуулсан халуун лаанд тусладаг. Харин манай аав хийсэн лааг хүргэж өгдөг. Манай дүү миний хийсэн бүтээлүүдийг чимэглэж өгдөг. Манай эгч харин лаануудаа рекламдаж, манай цахим хуудас руу тавьдаг. Бид гэр бүлээрээ лаагаа хийж боловсруулдаг.Бид нар мөнгөтэй болж байгаад Хятад улс болон олон олон улсаар зугаална.
-Хүмүүс ямар сэтгэгдэл байна?
М.Есөн-Эрдэнэ:
-“Хөөрхөн юм бэ?”, “Энэ яаг 10 настай хүүхэд мөн үү?” гэж хүртэл сэтгэгдэл бичсэн байсан. Бид хоёр тэр сэтгэгдлүүдийг хараад их урам авч баярласан. Үнэхээр гоё таатай байдаг.
М.Нандин-Эрдэнэ:
- Би анхныхаа лааг хийчихээд найзууддаа хэлсэн чинь “Ямар хөөрхөн юм бэ?, Би бас хиймээр байна” гэсэн.
-Нэг лааг хэр хугацаанд хийдэг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Нэг лааг 30 минут орчим хугацаанд хийдэг. Нэг удаа лаа хийгээд бүтэлгүйтсэн. Тэр үед ээж “Зүгээрээ миний охидуудаа хичээгээд байвал болдог юм” гэж хэлж байсан. Ээжээс бид хоёр урам зориг авч үргэлжлүүлээд лаагаа хийж ийм өндөрт хүрсэн.
-Лаа хийхийн хамгийн гоё зүйл юу байдаг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Хамгийн гоё хэсэг нь лаагаа хийгээд чимэглэх хэсэг нь. Бид хоёр “facebook” үзэж байгаад торт, дэссэртний зураг хараад энэ их гоё юм байна гэж бодоод ээжтэйгээ хамтраад хийсэн. Үнэхээр гоё идчихмээр, гоё загвартай болохоор хүмүүс их авч асаадаг.
-Лаа нь ямар үнэртэй гардаг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Үнэрийг нь ихэвчлэн гүзээлзгэний үнэрээр, хааяа хуш модны үнэрээр хийдэг.
-Хүмүүс хэр их худалдан авалт хийж байна?
М.Есөн-Эрдэнэ:
-Бараг ихэнх лааг нь манай ангийн хүүхдүүдийн эцэг, эх авсан. Илүү олон лаа хийгээд, боловсруулаад, санаанууд бодож олоод лаагаа хийнэ.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Би ЭХО-ны эмч болно гэж боддог. Эмч нар их цалин авдаг гэж сонссон. Дээрээс нь анагаах ухаан надад гоё санагдаад, таалагддаг.
М.Нандин-Эрдэнэ:
-Би багш болно гэж боддог. Манай багш үнэхээр сайхан сэтгэлтэй хүн учраас би багштайгаа хамт ажиллах гээд.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Би воллибол тоглох дуртай. Би бас өөр нэг хоббитой. Төгөлдөр хуур тоглох. Ер нь хөгжмийн багш болно. Би ямар ч багш дээр явж байгаагүй. Өөрөө утсаа ухаж байгаад төгөлдөр хуур гарч ирэхээр нь энийг сурчихя гээд сурсан. Бас бишгүүр дээр сурсан дуугаа төгөлдөр хууран дээр тоглож чаддаг.
М.Нандин-Эрдэнэ:
-Надад ямар ч хобби байхгүй. Манай эгч эмчээсээ тарчаад төгөлдөр хуурынхаа сургалтыг эхлүүлнэ. Бас манай эгч өөрийнхөө сурсан дууг шууд төгөлдөр хуураар тоглож чаддаг.
-Таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?
М.Есөн-Эрдэнэ:
-Миний хамгийн том амжилт бол би багшийгаа тэвэрч үзсэн. Манай багш “Ямар мундаг юм бэ? Энэ амралтаараа үр дүнтэй мундаг ажиллаж байна. Шавиараа үнэхээр бахархаж байна” гэж хэлсэн.
М.Нандин-Эрдэнэ:
Би багшдаа анх бэлэг өгч байсан дурсамжаа хэзээ ч мартдаггүй. “Үнэхээр гоё цэцэг байна. Баярлалаа” гээд намайг үнсэж байсан.
-Лааг хэр удаан асааж болдог вэ?
М.Нандин-Эрдэнэ:
-Бид нар нэг удаа бүтэлгүйтсэн лаагаа асаагаад үзсэн чинь яаг 10 цаг асаж байсан. Гэхдээ лааг 10 цаг асаах нь аюултай байдаг учраас 2 цаг асаагаарай. Шатаад түймэр гарч болзошгүй.
М.Есөн-Эрдэнэ:
-Яаг тийм үйл явдал манайд болж байсан. Нэг удаа манай эгч лаа хайлуулж байсан чинь шатаад сандарсандаа ус руу хийсэн ч буудчихсан.
-Уншигчдад хандаж хэлмээр байгаа зүйл бий юу?
М.Есөн-Эрдэнэ:
-Найзуудаа та нар ч гэсэн бид хоёр шиг улам хичээвэл ингэж амжилтанд хүрнэ шүү гэж хэлмээр байна. Бид хоёр хийж байгаа лаануудаа цахим хуудсаар дамжуулан хүмүүст зааж өгөөд, ингэж хийдэг, гараа түлэхээс болгоомжлоорой аюултай шүү гэж анхааруулаад хүмүүст түгээнэ гэж бодож байгаа.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм






